Saturday, July 1, 2017

ГЕРМАНЫ СОЦИОЛОГИЧ ФРАНЦ ОППЕНХЕЙМЕР

Франц Оппенгеймер
 Franz Oppenheimer
Мэндэлсэн он:
1864 оны гуравдугаар сарын 30
Мэндэлсэн газар:
Герман улс, Берлин хот
Бие барсан он:
1943 оны есдүгээр сарын (79 насандаа)
Бие барсан газар:
АНУ, Лос-Анжелес хот
Харьяалал:
 Герман улс
Ажлын газар:
Иоханн Вольфганг Гётегийн нэрэмжит Франкфуртын Их Сургууль
Альма-матер:
Килькийн Их Сургууль
Франц Оппенхеймер (Герман хэлнээ: Franz Oppenheimer; 1864 оны гуравдугаар сарын 30. Герман улс, Берлин хот — 1943 оны есдүгээр сарын 30, АНУ, Лос-Анжелес хот) — нь Германы эдийн засагч, социологич нэгэн.
Цадиг намтар
Еврей гэр бүлээс гаралтай. Боловсролын хувьд эмч нэгэн. Фрайбург, Берлины их сургуулиудад эмчийн мэргэжлээр суралцаж (1885 онд төгссөн), арван жилийн туршид төгссөн мэргэжлээрээ ажилласан. Дараагаар нь социологи, эдийн засгийн ухаан (1908 онд Киль Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан) шимтэн сонирхох болсон. 1909-17 онуудад Оппенхеймер Берлины Их Сургуулийн доцент багш, 1917-29 онуудад Фрайбургийн Их Сургуульд профессороор ажиллаж, социологийн тэнхим толгойлж байсан (эрүүл мэндийн улмаас албаа орхисон). 1933 онд нацистууд засгийн эрхэнд гарсны сүүлээр гадагшаа цагаачилж, Францын Эрец-Исраэл Их Сургуульд лекци унших болсон. 1938 оноос АНУ руу цагаачилсан. Оппенхеймерийг өнөөгийн ихэнх судлаачид социал либерализмын сонгодог төлөөлөгчдийн нэг гэж үздэг байна.
Оппенхеймерийн арга зүй
Франц Оппенхеймер “Төр улс” (1908 он), дөрвөн дэвтэр “Социологийн тогтолцоо” (1922-1935 он) зохиолууддаа өөрийн социологи үзэл баримтлалыг тусгасан байна.  Арга зүйн хувьд Оппенхеймер эдийн засгийн үзэгдэл, үйл явцыг эрх зүйн хандлагаар тайлбарлах хандлагын хөгжүүлж байсан. Төр улсын үүслийн хувьд хүчирхийллийн онолыг баримталж байсан. Нүүдэлчин овог аймагууд газар тариалангийн, суурьшмал иргэдээ уулгалан дайрч боолчлох болсны үр дүнд олонхоо засаглах цөөнхийн мөлжлөгийн хэлбэр болох төр бий болжээ. Нийгмийн харилцаанд тэгш бус байдлыг халөах хамгийн үр дүнтэй арга нь төрөөр хамгаалагдсан үйлдвэрлэлийн хэрэгслийг монополчлон өмчлөх явдлыг халж, хүн бүрт хөдөлмөрлөх, хөдөлмөрийн үр шимээ хүртэх тэгш боломжийг бүрдүүлэх явдал юм. Хамтран ажиллах, харилцан туслалцах замаар хамгийн бага сүйтгэлээр дээд зэргийн нэмүү өртөг бий болгосноор эдийн засгийн тэгш бус харилцааг халах боломжтой гэсэн санааг Оппенхеймер дэвшүүлсэн байдаг.

БЭЛТГЭСЭН: УЛС ТӨР СУДЛААЧ, ТӨРИЙН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Wednesday, June 28, 2017

АВСТРИЙН СОЦИОЛОГИЧ ГУСТАВ РАТЦЕНХОФЕР

Густав Ратценхофер (Gustav Ratzenhofer) (1842 оны долдугаар сарын 4, Вена – 1906 оны аравдугаар сарын 10, мөн тэнд) – Австрийн гүн ухаантан, социологич нэгэн. Системтэйгээр боловсрол эзэшиж чадаагүй. Гүн ухаанд бие даан суралцсан. Х. Спенсер, Л. Гумплович, А. Бастиан, Р. Иеринг нарын үзэл санааны нөлөөн дор байсан. Армид алба хаасны сүүлээр Вена хот дахь цэргийн шүүхийн ерөнхийлөгч болсон. Өөрийн эклектик гүн ухааны сургаалыг «монист позитивизм» хэмээн нэрлэсэн байна. Социологи нь гүн ухааны сургаалын бүрэлдэхүүн хэсэг мөн. Нийгмийн амьдралын гол хөдөлгөгч хүчин зүйл нь социал дарвинизмд оршин амьдрахын төлөөх тэмцэл гэж нэрлэгдсэн тэр зүйл болно. Түүний хувьд тэмцэл  – нийгмийн амьдралын үндсэн үйл явц байсан.
Ратценхоферийн улс төр, социологийн сургаалын голлох сэдэв нь хүн төрөлхтний холбооны хөгжлийн хувьсалын асуудал юм. Нийгмийн үзэгдэл нь физик, хими, биологийн үйл явц бөгөөд нарийчлан тодорхойлбол, хүний үндсэн зөн бэлгийн биологийн мөн чанар болно. Раценхоферийн үзсэнээр, хүний нийгэм өөрөө өөрийгөө хамгаалах, секс гэсэн хоёр зөн бэлгэд захирагддаг байна. Үр дүнд нь, хүний бүхий л нийгмүүдэд «үнэмлэхүй дайсагнал» ноёрхох болно. Дайсагнал, зөрчил бол хүй элгэний овог, аймагуудын дунд үүсэх хэвийн харилцаа юм. Хүч дорой нэгнээ хүчирхийлэх, булаан эзэрхэх, дордчлон боолчлох нь төр улс үүсэх нийгэм-эдийн засгийн үндэс болдог. Улс орнуудын хоорондын соёлын харилцаа хувь хүнийг эзэрхэх төрийн хяналтад хязгаар тавих бөгөөд урт удаан хугацаанд төрийн хяналтад хязгаар тавьсны үр дүнд соёл иргэншил цогцолно. Төрийн бүх институт дайны зорилгод үйлчилдэг хэдий ч аажимдаа энхийн зорилгод үйлчилж эхэлдэг байна. Ингэснээр төр улс уналтад орох нөхцөл бүрддэг юм. Төрийн эрх мэдлийн бүтцийг сайжруулах суурь хүчин зүйл болдог учир дайн хүн төрөлхтний түүхэнд дэвшилтэт үүрэг гүйцэтгэдэг хэмээн Ратценхофер үзсэн.
Бэлтгэсэн: Улс төр судлаач Нямаагийн ОТГОНБАЯР
Новая философская энциклопедия. В четырех томах. / Ин-т философии РАН. Научно-ред. совет: В.С. Степин, А.А. Гусейнов, Г.Ю. Семигин. М., Мысль, 2010, т. III, Н – С, с. 420.


АВСТРИЙН СОЦИОЛОГИЧ ГУСТАВ РАТЦЕНХОФЕР

(1842-1904 он) – Австрийн цэргийн онолч, социологи дахь социал-дарвинизмын урсгалын томоохон төлөөлөгчдийн нэг.
Ратценхофер – “Улс төрийн бодлогын мөн чанар, зорилго” (1893 он), “Социологи танин мэдэхүй” (1898 он), “Социологи. Хүний харилцааны позитив сургаал” (1907 он) зэрэг номын зохиогч юм.
Ратценхоферийн үзсэнээр, социологи нь нийгмийн хамгийн ерөнхий, түгээмэл зүй тогтлыг танин мэдэх нийгмийн шинжлэх ухаануудын үндэс болох философи мэдлэгийн бүрэлдэхүүн хэсэг юм. Нийгмийн амьдралын үндсэн үзэгдэл, үйл явцад дараах зүйл багтана. Үүнд: хүн үржиж олшрох, өөрсдийгөө хамгаалах, хувь хүний болон нийгмийн хэв шинжүүд өөрчлөгдөх, оршин байхын төлөө тэмцэл өрнөх, арьстнуудын хоорондын дайсагнал явагдах, арьстнуудын ялгаварт байдал бий болох, орон зайн байршил, захирах, захирагдах ёс тогтох, нийгэмшилт, ашиг сонирхлын хувьсал, төр улс, дэлхийн хамтын нийгэмлэг зэрэг болно.
Мөн чанарын шинжлэх ухаан, оюун санааны шинжлэх ухааныг сөргүүлэн авч үзэх хандлагыг шүүмжилж нийгмийн зүй тогтол химийн, тэр дундаа биологийн зүй тогтолтой төстэй болохыг Ратценхофер онцолсон байна. Социологийн үндсэн зорилго нь байгаль, нийгмийн бүхий л үзэгдэлд байх туйлын хүч болсон “анхдагч өдөөгч”, “дотоод сонирхол”-ыг судлах, тодорхойлоход оршино.
Социал-дарвинизмын урсгалын томоохон төлөөлөгчдийн нэг учир Ратценхофер “дотоод сонирхол”-ыг оршин байхын төлөөх тэмцлийг нөхцөлдүүлэгч хүч, нийгмийн үйл явц, ухамсарыг зохицуулагч хүчин зүйл хэмээн тодорхойлсон байна.
Ратценхоферийн социологи сургаалын үндсэн хэсэг нь ашиг сонирхлын зөрчилдөөний үзэл баримтлал юм. Нийгмийн үйл явцын зөрчилдөөнт мөн чанарын талаарх Гумпловичийн үзэл санааг хүлээн зөвшөөрч нийгмийн амьдрал хувь хүн, нийгмийн бүлгүүдийн зөрчилдөөнт ашиг сонирхлын сөргөлдөөнд суурилдаг болохыг онцолсон. Түүний үзсэнээр, хүний ашиг сонирхол дараах таван хэв шинжтэй байна. Үүнд: прокреатив ашиг сонирхол (Үр удмаа үлдээх ашиг сонирхол), физиологи ашиг сонирхол (Хоол тэжээл олох), хувь хүний ашиг сонирхол (Өөртэйгээ ижил бусдад хүндлэгдэх, өөрийгөө хүндлүүлэх сонирхол), нийгмийн ашиг сонирхол (Гэр бүлийн болон бүлгийн сонирхол), трансцендент ашиг сонирхол (Итгэл бишрэл, шашин, шүтлэгийн сонирхол) зэрэг орно.
Нийгмийн зөрчил, мөргөлдөөнд туйлын, үнэмлэхүй утга дайлгаж асан Гумпловичоос ялгаатай нь, Ратценхофер нийгмийн амьдрал дахь зөрчил мөргөлдөөн, ашиг сонирхлын тогтолцоонд нийцтэй утга байж болно гэсэн санааг гаргасан байдаг. Зөрчил мөргөлдөөн анхдагч бөгөөд түгээмэл зүй тогтолтойг хүлээн зөвшөөрч байсан ч үүнийхээ зэрэгцээ зөрчил мөргөлдөөнд байх өөрийгөө бусниулагч, хөнөөгч шинжид тодорхой анхаарал хандуулсан байна. Түүний үзсэнээр, нийгмийн зөрчил, мөргөлдөөнийг даван туулах хамгийн боломжит, үр дүнтэй арга нь хүмүүсийн хамтын ажиллагаа юм. “Нийгмийн болон хувийн эрх ашгийг харилцан уялдуулах замаар” хамтын ажиллагаанд хүрч болох бөгөөд энэ үйл явцыг тэрээр социологийн тулгуур зүй тогтол хэмээн онцолсон байдаг. Ратценхоферийн хөгжүүлсэн нийгмийн зөрчил, мөргөлдөөнийг зохицуулах боломжийн талаарх үзэл санаа XX зууны Өрнө Дахины социологи сэтгэлгээний хөгжилд хүчтэй нөлөөлөл үзүүлсэн байдаг.
Оршин байхын төлөөх тэмцлийн онолыг цогц байдлаар боловсруулсан нь социологийн ухаанд оруулсан Ратценхоферийн чухал гавья гэдгийг олон судлаачид дурдсан байдаг. Энэ бүхнээс гадна, тэгш байдал, эрх чөлөө, интернационализм бол хэзээ ч үл хэрэгжих нийгмийн гаж мөрөөдөл гэдгийг Ратценхофер бүтээлдээ гаргасан. Хүчирхийлэл, захирах, захирагдах ёсны тухай, нийгмийн хөгжил арьстнуудын тэмцэл болох тухай, дайн нийгмийн хөгжлийн хэлбэр болох тухай Ратценхоферийн санаа геополитик гэх мэдлэгийн төрөл үүсч, хөгжихөд үлэмжхэн нөлөөлөл үзүүлсэн байдаг. Зарим талаар Густав Ратценхоферийн сургаалыг Германы нацизмийн үзэл суртал гэж үзэх хандлага байдгийг онцлох байна.

Бэлтгэсэн: Улс төр судлаач Нямаагийн ОТГОНБАЯР 

Thursday, March 23, 2017

РОБЭРТО МИХЕЛЬС

Робэрто Михельс (Roberto Michels,1876 оны нэгдүгээр сарын 9, Көльн хотноо – 1936 оны тавдугаар сарын 3, Ром хотноо) – нь Италийн социологич, Европын улс төрийн социологийн сонгодог үеийн төлөөлөгч, улс төр судлаач, нам судлалын нэртэй онолч нэгэн.
Цадаг намтар
Франц гаралтай чинээлэг герман гэр бүлд мэндэлсэн. Герман (Мюнхэн, Лэйпциг, Халл), Англи, Франц (Сорбонн), Италийн их сургуулиудад суралцсан. Оюутан ахуй үедээ социал-демократ болон синдикалист үзэл санаанд татагдаж, 1907 он хүртэл Германы Социал-Демократ Намын гишүүн байсан боловч Макс Веберийн нөлөөгөөр шинжлэх ухааны ажилд бие сэтгэлээ зориулах болсон. 1907 онд Италид суурьшиж, Турины Их Сургуульд багшилсан. Энд байхдаа тэрээр Италийн цольд эрдэмтэн Гаэтано Москатай танилцаж, түүний нөлөөгөөр элитийн онолын үндсийг судалсан. Москагийн “улс төрийн ангийн” онолыг шимтэн сонирхож, улмаар XX зууны 20-оод оны үеэс Бэнито Муссолинигийн фашист дэглэмийг дэмжих болсон. Хэдийгээр герман гаралтай, олон жилийн туршид Базэлд эдийн засаг, статистикаар багшилсан боловч Италийг өөрийн эх орноо хэмээн үздэг тул 1913 онд иргэний харьяаллаа өөрчилсөн. 1926 оноос Ромд улс төрийн социологиор багшлах болсон. 1927 онд Чарльз Мерриамын санаачлан хэрэгжүүлсэн “Иргэн төлөвшүүлэхүй” нэрт олон улсын төслийн ажилд оролцсон байна. Михельс 1928 онд Италийн фашист намд гишүүнээр элссэн. Улмаар дучегийн зарлигаар Пэружэ дахь их сургуульд профессороор томилогдсон. Энд байхдаа Михельс “шинэ улс төрийн сэтгэлгээг” төлөвшүүлж, “фашист онолыг” хөгжүүлэхийн зэрэгцээ “мэргэшсэн фашист боловсон хүчин” бэлтгэх зорилго бүхий улс төрийн шинжлэх ухааны “фашист факультет” үүсгэн байгуулахад идэвхийлэн оролцсон.
“Италийн социалист хөдөлгөөн дахь хөрөнгөтөн, пролетари анги” (// proletariato e la borghesia nel movimento socialista italiano: Saggio di scienza sociografico-politica, 1908), “Ардчиллын нөхцөл дэх улс төрийн намын социологи” (Zur Soziologie des Parteiwesens in der modernen Demokratie: Untersuchungen über die oligarchischen Tendenzen des Gruppenlebens, 1911), “Италийн империализм” (L'imperialismo italiano, 1912), “Хавсарга социологийн асуудлууд” (Problemi de sociologia applicata, 1919), “Итали дахь фашизм, социализм” (Sozialismus und Fascismus in Italien, 1925), “Улс төрийн социологийн хичээл” (Corso de sociologia politica, 1927), “Эх оронч сэтгэлгээ” (Der Patriotismus: Prolegomena zu seiner soziologischen Analyse, 1929), “Улс төрийн социологийн анхдугаар лекц” (First Lectures in Political Sociology, 1949) зэрэг олон арван бүтээл нийтлүүлсэн.
Улс төрийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр
Михельс улс төрийн шинжлэх ухаанд элитийн онол, нам, олон нийтийн хөдөлгөөн, бюрократи, ардчилал, ажилчны болон үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний асуудлаар дагнан судалгааны ажил хийсэн байдаг. XX зууны эхэн үеийн томоохон социологичдоос ялгаатай нь, Михельс хүйсийн эрх, үүргийн ялгаварт байдал, эх оронч сэтгэлгээ, хүн төрөлхтөний удмын сангийн сайжруулалт зэрэг этгээд гэж хэлж болохуйц асуудалд түлхүү анхаарал хандуулсан байна.  
Михельсийн судалгааны гол ололт нь “олигархийн төмөр хууль, зүй тогтол”-ыг нээсэнд оршино. Нам, хөдөлгөөн гэх мэт нийгэм, улс төрийн аливаа зохион байгуулалтын хэлбэр өөртөө олигархичлагдах хандлагыг тээж байдаг. Эрх мэдлийн цөм удирдлага, мэргэшсэн аппаратын гарт төвлөрөх, олон түмний болон байгуулагын энгийн гишүүдийн эрх, үүрэг хумигдах, удирдлага, удирдлагын бүтцээ хянах боломж алдагдах, байгууллагын үйл ажиллагааны анхдагч зорилго сарних зэрэг нь тухайн зохион байгуулалт олигархи шинжтэй болж буйн илрэл юм. “Хэнийг сонгосон, ямар этгээдийг төлөөлдөг байх нь хамаагүй. Зохион байгуулалт өөрөө ноёрхол бий болох хангалттай шалтгаан болдог. Хэн зохион байгуулалтын талаар ярина, тэр олигархийн талаар ярьж буй хэрэг юм”.  Намын зохион байгуулалт олигархи шинжид орох үйл явц нь дараах үе шаттай. Үүнд: 1. Манлайлал бий болно: 2. Манлайлал мэргэшиж, төлөвшинө: 3. Удирдлагын бюрократ бүтэц үүснэ: 4. Эрх мэдэл төвлөрнө: 5. Үзэл суртал удирдлага, удирдлагын бүтцийн зорилгодоо хүрэх арга хэрэгсэл болж хувирна: 6. Үзэл суртал, нийгмийн бодит байдлын хооронд зөрчил бий болж, үзэл суртлаа шинэчлэх санал, санаачлагууд гарч эхэлнэ: 7. Энгийн гишүүд, удирдлагын хоорондын харилцаа алсарч эхэлнэ: 8. Намын шийдвэр гаргах үйл явцад энгийн гишүүдийн нөлөөлөх боломж хумигдаж эхэлнэ: 9. Удирдлагын бүтцэд сөрөг байр суурьтай бүлэглэлүүдийн удирдлагыг элсүүлж эхэлнэ (кооптац) гэх мэт шинжийг багтаасан байна. Хувьсгалт намууд хүртэл гишүүнчлэлээ өргөжүүлэх бодлогоос татгалзаж сонгогчдынхоо хүрээг тэлэх бодлогод шилжсэн.
Ямар үзэл баримтлалыг дэмждэг нам байх нь хамаагүй бүгд олигархи шинжтэй болж эхэлдэг. Оршин буй нийгмийн байгууллаа өөрчлөх зорилго бүхий хэт зүүний намуудад хүртэл хөгжлийн явцад олигархи шинж бүрэлдэж, үйл ажиллагааны анхдагч зорилгоо гээх явдал байдгийг Михельс онцолсон байна. Намын удирдлагын ярианд хэт зүүний үг хэллэг хадгалагдах ч үнэн чанартаа анхдагч зорилгоосоо аль хэдийн хазаасан байдаг. Энэ бол зохион байгуулалтын хөгжлийн зүй ёсны үр дүн юм. Удирдлага нь энгийн ажилчдаас бүрдэх социалист намд хүртэл мэдлэг чадвар хуримтлагдаж, улс төрийн тэмцэлд татагдан орохын зэрэгцээ хууль тогтоох хуралд сонгогдсон тохиолдолд удирдлага, жирийн гишүүдийн дунд харилцаа алсардаг талаар Михельс онцолсон. Энэ нөхцөлд намын удирдлагын байр суурь зохион байгуулалтаас хамаарах бөгөөд улмаар анги, нийгмийн давхаргын бус, намын зохион байгуулалтын ашиг сонирхлыг илэрхийлэгч, хамгаалагч болж хувирдаг байна. Үүнээс гадна, намын удирдлага намын үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлж, нөөц, шийдвэр гаргах үйл явцад хяналтаа тогтоох замаар бодлого, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн хэрээр улс төрийн зүүний радикал шинжээ алддаг талаар Михельс дурдсан. Өнөөгийн олон түмний намууд зохион байгуулалтын хэлбэрт шилжих нь зайлшгүй. Гэтэл зохион байгуулалтын гарцаагүй үр дүн нь олигархи хандлага болно. Ингэхлээр, оршин буй нийгмийн байгууллаа өөрчлөхийг хүсэгч зүүний намууд хүртэл олигархийн төмөр хуулиас ангид байж чаддаггүй гэсэн үг юм.
Ерөнхийдөө хүн төрөлхтөний нийгмийн хөгжлийн талаарх Михельсийн зураглал туйлын гутрангуй шинжтэй. Бид хичнээн ардчиллын тухай ярилаа ч ганц хүний, юм уу цөөнхийн дарангуйллаас ангид байж чадахгүй. Ардчилал өөрөө дарангуйллын нэг хэлбэр юм. Учир нь зохион байгуулалтын хэлбэрийг өөртөө тээж байдаг. Зохион байгуулалтын олигархи хандлага Михельсийн үзсэнээр зөвхөн захиргааны юм уу удирдлагын шинжтэй асуудал биш юм. Захиргааны, удирдлагын зэрэгцээ сэтгэл зүйн шинжтэй үзэгдэл болно.
Удирдан зохион байгуулах чадвартай, мэдлэг боловсролтой хүн төрөлхтөний цөөн тоот хэсэг бусдыг дагуулан манлайлах, ухуулан сэнхрүүлэх, удирдан жолоодох зөн совинтой бол хүн төрөлхтөний энгийн олонхийн хувьд өөрсдийг нь зохион байгуулж, удирдах, араасаа дагуулах чадвартай цөөнхийг ямагт хүсэмжилж байдаг. Сэтгэл зүйн шинжтэй энэ үзэгдэл өөрөө олигархийн хандлагыг үүсгэдэг байна.
Михельсийн үзэл санаа Г. Тард, Г. Лебон тэргүүтэй олон судлаачдын бүтээлд тусгалаа олсон байдаг. Хэдийгээр Михельс фашист онол, евгеник сургаалыг дэмжиж байсан ч түүний олигархийн төмөр хууль, зүй тогтлын талаарх үзэл санаа өнөөдөр ч шинжлэх ухааны үнэ цэнээ алдаагүй байна.

МОНГОЛЧИЛСОН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Wednesday, January 18, 2017

ГЕРМАНЫ ГЕОПОЛИТИКЧ ИОХАН РУДОЛЬФ ЧЭЛЛЕН

Рудольф Чэллен
Швед хэлнээ:  Rudolf Kjellén
Мэндэлсэн он:
1864 оны зургаадугаар сарын 13
Мэндэлсэн газар:
Швед-Норвегийн Нэгдсэн Холбооны Улс, Швед, Скараборг муж, Мариестад дахь Торсе
Бие барсан он:
1922 оны арваннэгдүгээр сарын 14 (58 насандаа)
Бие барсан газар:
Швед улс, Уппсала хот
Харьяалал:
Швед улс
Шинжлэх ухааны хүрээ:
Геополитикийн ухаан
Ажилласан газар:
Хетеборгийн болон Уппсалийн Их Сургууль
Альма-матэр:
Уппсалийн Их Сургууль
Иохан Рудольф Чэллен (Швед хэлнээ: Johan Rudolf Kjellén; 1864 оны зургаадугаар сарын 13, Торсе — 1922 оны арваннэгдүгээр сарын 14, Уппсала хот) — нь Шведийн нэр нэндсэн социологич, улс төр судлаач бөгөөд “геополитик” хэмээх ойлголтыг шинжлэх ухааны эргэлтэд оруулсан нэгэн билээ. Чэллен авгайн шинжлэх ухаанч үйл ажиллагаанд “улс төрийн газар зүйн” томоохон онолч, Германы эрдэмтэн Фридрих Ратцэл хүчтэй нөлөөлөл үзүүлсэн байдаг. Нэрт эрдэмтэн Чэлленийг Фридрих Ратцэл, Александр фон Хумбольдт, Карл Риттэр нарын зэрэгцээгээр Германы геополитик дэг сургуулийг үндэслэгчдийн нэг гэж зүй ёсоор тооцдог байна.
Цэдиг намтар
Чэллен 1864 оны зургаадугаар сарын 13 нд Шведийн Скараборг мужийн Торсе тосгонд санваартны гэрт мэндэлсэн. Скара дахь гимназийг төгсөөд 1878-1888 онуудад Уппсалийн Их Сургуульд хууль цаазын ухаанаар суралцсан байна. Улмаар 1890 онд хууль цаазын ухаанаар докторын зэрэг горилсон юм. Хетеборгийн Их Сургуульд 1901-1916 он хүртэл тасралтгүй ажилласан түүхтэй. Энэ бүхнээс гадна, 1905-1917 онуудад Шведийн хууль тогтоох хуралд сонгогдон ажиллахын зэрэгцээ 1916-1922 онуудад Уппсалийн Их Сургуульд багшилжээ. Хэдийгээр Чэллен Швед хүн байсан боловч үзэл бодлын хувьд Германы эрдэмтэн Ратцэлийн нөлөөн дор байж, нармай Герман онолыг сурталчилах болсон юм. Тиймдээ ч түүний бүтээлүүдэд Германы соёл, соёлын бүрдлийг сүслэх өнгө төрх нэвт шингэсэн байдаг.
Улс төрийн сургаал
Чэллен 1900 онд гаргасан “Шведийн газар зүйн ойллого бичиг”, 1916 онд олны хүртээл болгосон “Төр улс амьдралын хэлбэр болох нь” зэрэг зохиолууддаа геополитик хэмээх ойлголтыг анх тэргүүнээ шинжлэх ухааны хэрэглээнд нэвтрүүлжээ. Түүний үзсэнээр, геополитикийн талаас төр улсын байр суурьт нөлөөлөгч гурван хүчин зүйл байна. Тодруулан хэлбэл, үүнд газар нутгийн хэмжээ, нэгдмэл шинж чанар, улс орнуудтай харилцах газар зүйн онцлог ордог байна. Чэллений онол генерал Карл Хаусхоферын үзэл санаагаар дамжин хожмоо фюрер Адольф Хитлэрийн улс төрийн бодлогод тусгалаа олсон байдаг.
Дээр цухас дурдсан “Төр улс амьдралын хэлбэр болох нь” бүтээлдээ Ратцэлийн арга зүйд түшиглэн төр улсын талаарх органик онолыг хөгжүүлэхийг оролджээ.
Амьд организмийн нэгэн адил төр улс мэндлэх, өсч хөгжих, өтөлж хөгширөх гэсэн амьдралын мөчлөгүүдийг туулдаг байна. Энэ бүх амьдралын мөчлөгүүд оршин байх, тэсч үлдэх гэсэн ерөнхий, түгээмэл хууль, зүй тогтолд захирагдана. Төр улсын хувьд оршин байхын төлөөх тэмцэл амьдрах орон зайн төлөөх өрсөлдөөнөөр илрэн гардаг. «Орон зайн хувьд хязгаарлагдмал хүчирхэг улс ямар ч тохиолдолд булаан эзлэх, нэгтгэх, колончлох замаар газар нутгаа тэлэх гэсэн улс төрийн хүсэл сонирхлыг тээж байдаг. Бид үүнийг урьд цагийн Английн, өнөө цагийн Япон, Германы жишээнээс тодорхой харж болох билээ. Эндээс булаан эзлэх адын донг бус, өсч хөгжих, өндийн дээшлэх байгалийн жам ёсны хэрэгцээ, шаардлагыг мэдэрч болох байна» хэмээн Чэллен бичжээ.
Чэллен төр улсын бүхэллэг чанарын онолыг хөгжүүлсэн байна. Түүний үзсэнээр, төр улс ямар ч тохиолдолд дараах дөрвөн бүрдлийн зохист харилцааг өөрт бий болгохыг хичээх хэрэгтэй. Эдгээрт:
1.       Физик-газар зүйн орон зайн организм байх:
2.       Аж ахуйн тодорхой хэлбэрийг хөгжүүлэх:
3.       Угсаатны тодорхой нийтлэгийг бий болгох:
4.       Анги, давхаргын хооронд тодорхой хэмжээнд нийгмийн нэгдлийг төлөвшүүлэх:
5.       Үндсэн хуульт байгуулал, захиргааны бүтэц бүхий төрийн удирдлагын хэлбэрийг бүрдүүлэх зэрэг болно.
Хэрэв эдгээр таван бүрдлийн зохист харилцааг бий болгож чадвал улс орон цэцэглэн хөгжих болно гэсэн санааг гаргажээ. Төрийн бодлого 1. Аж ахуйн үйл ажиллагаа буюу экополитик: 2. Хүн амд чиглэсэн үйл ажиллагаа буюу демополитик: 3. Анги, бүлгүүдэд чиглэсэн үйл ажиллагаа буюу социополитик: 4. Төрийн алба, засаг захиргааны үйл ажиллагаа буюу кратаполитик гэсэн дөрвөн хүрээнд илэрдэг талаар Чэллен дурдсан байна.
Геополитикийн ухаанд Чэллен төрийн улсын автарки байдлын талаар шинэ санаа хөгжүүлсэн нь судлаачдын зүгээс өндөр үнэлэлт авчээ. Чэллений үзсэнээр, бусад улсын улс төрийн бодлого, үйл ажиллагаа, олон улсын харилцааны хүчний тэнцвэрээс хамаарч буй үед ямар ч төр улс аж ахуйн хувьд жинхэнэ утгаараа бие даан хөгжиж чадваргүй байдаг. Тиймээс улс орны аж ахуйн хөгжлийг хангахын тулд автарки буюу бусдаас тусгаарлагдмал байдал тодорхой хэмжээнд хэрэгтэй гэж сургасан.
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд Чэллен геополитик буюу орон зайд биелэлээ олсон амьд организм болох төр улсын тухай мэдлэгийг анхлан хөгжүүлжээ. Геополитик нь улс төрийн шинжлэх ухааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд социологийн ухаанаас салбарлан хөгжсөн талаар Чэллен бүтээлдээ дурдсан байна.
Чэллен олон улсын харилцааны талаар өөрийн гэсэн таамаглалыг бий болгожээ. Юуны түрүүнд, олон улсын харилцаанд нөлөөлөгч гүрнүүдийг хүчин чадлын хэмжүүрээр 1. Дэлхийн гүрэн: 2. Их гүрэн хэмээн хоёр төрөлд ангилсан. Англи, АНУ, Орос, Германыг дэлхийн гүрэн гэж үзсэн бол Франц, Япон, Австри-Унгарын эзэнт улс, Италийг их гүрэн хэмээн тодорхойлжээ. Англи, Франц улсыг доройтож буй, Герман, Японыг сэргэн мандаж буй гүрэн гэж үзжээ.  XX зууны дэлхийн хүчний чиг хандлагыг урьдчилан тодорхойлж, АНУ, Орос хоёр олон улсын харилцааны түвшинд ноёрхох болно гэж таамагласан нь бүрэн биелэлээ олсон юм.

БИЧВЭРИЙГ БЭЛТГЭСЭН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Sunday, January 15, 2017

ВИЛФРЭДО ПАРЭТОГИЙН ЭЛИТИЙН ОНОЛ

Вилфрэдо Парэто 1848 оны долдугаар сарын 15 нд Париж хотноо үзэл бодлын эрхээр цагаачилсан Генуя хотын маркизийн гэр бүлд мэндэлсэн. Харин эх нь Франц эмэгтэй байсан бөгөөд Парэто багаасаа итали болон франц хэлийг гаргууд сайн сурчээ. Хэдийгээр хоёр улсын хэл, соёлыг гадарлах болсон ч бүхий л амьдралынхаа туршид Парэто өөрийгөө итали хүн гэж үзсээр ирсэн байдаг. 1858 онд гэр бүлээрээ Итали улсад эргэн иржээ. Энд тэрээр техникийн болон хүмүүнлэгийн боловсрол эзэмшсэн байна. Ялангуяа математикийн ухааныг судлахад ихээхэн анхаарч байжээ. Турин хотноо политехникийн их сургуулийг дүүргээд “Хатуу биет дэх тэнцвэржилтийн суурь зарчмууд” сэдвээр докторын зэрэг горилсон байна. Хэдийгээр ямар сэдвээр хамгаалсан нь бичвэрт төдийлөн чухал биш ч тэнцвэржилтийн асуудал түүний нийгэм-эдийн засгийн онолд томоохон байр суурь эзэлдэгийг харуулж байна. Олон жилийн туршид төмөр замын болон металлургийн үйлдвэрт ажилласан.
90-ээд оноос улс төрд хөл тавьсан ч төдийлөн амжилт гаргаж чадаагүй билээ. Энэ үед тэрээр эх хэлнээ нийгэм, улс төрийн сонгодог бүтээлүүдийг утгачлахын ялдар олон нийтийн ажил эрхлэх болжээ. 90-ээд оны тэргүүн хагаст эдийн засгийн онолын чиглэлээр олон тооны судалгаа нийтлүүлжээ. 1893 онд Леон Вальрасыг орлож, Лозаннын их сургуулийн улс төр эдийн засгийн ухааны профессор болсон бөгөөд амьдралынхаа эцэс хүртэл тус сургуульд багшилжээ. Парэтогийн сүүлийн жилүүдэд Италид фашист дэглэм тогтсон юм. Энэ дэглэмийн зарим зүтгэлтнүүд, тэр дундаа дуче Б. Муссолини Парэтог багшаа гэж хүндлэх болжээ. Үүнтэй холбоотойгоор Парэтод 1923 онд насан туршийн сенатор цол хүртсэн байна. Хэдийгээр Парэто шинэ дэглэмийн дэмжлэгт болгоомжтой хандаж байсан боловч түүний амьдралд шинэ дэглэмийн зүгээс аюул учруулж байгаагүй юм. Парэто 1923 оны наймдугаар сарын 19 нд Швейцарьт бие баржээ.
Парэто юуны түрүүнд, эдийн засагч байсан юм. Тиймдээ ч түүний судалгаа ихэвчлэн эдийн засгийн асуудалд төвлөрч байв. Орлогын хуваарилалт, төгс бус өрсөлдөөнт зах зээл, эдийн засгийн загварчлалын асуудлыг хөндсөн байдаг. Гэвч аажмаар түүний судалгаанд хүний тухай ойлголт бий болсон юм. Хүний тухай рационал төсөөлөл нийгмийн бодит байдалтай олон талаар зөрчилдөж байсан тул илүү нарийн онол, үзэл баримтлал боловсруулахыг чармайж байв. «Улс төрийн эдийн засгийн лекцүүд» (1896-1897), «Социалист систем» (1902), «Улс төрийн эдийн засгийн сурах бичиг» (1906) зэрэг олон арван зохиол туурвисан байна. 1897 оноос Лозаннын их сургуульд социологийн ухаанаар лекц унших болсон ч эрүүл мэндийн байдлын улмаас энэ ажлаа орхисон түүхтэй.
В. Парэтогийн гол бүтээл нь - «Ерөнхий социологийн ойллого бичиг» бүтээл юм. Уг бүтээлийг 1907-1912 оны хооронд бичжээ. Итали хэлнээ анх 1916 онд  «Шашдир» нэртэйгээр хэвлэгдсэн бөгөөд франц хэлнээ 1917-1919 онуудад хөрвүүлэгджээ. Нийт 13 бүлэг, 2612 зүйл, 2000 орчим хуудас бүхий томоохон бүтээл болно. 
Засаглагч болон засаглагч бус элит
Парэтогийн үзсэнээр, хүмүүс бие махбод, оюун санаа, ёс суртахууны хувьд харилцан адилгүй байдаг. Тиймээс нийгмийн тэгш бус байдал зүй ёсны бөгөөд бодитой зүй тогтол юм. Өөрийн үйл ажиллагааны хүрээнд хамгийн өндөр үзүүлэлт бүхий тэр хүмүүс элитийг бүрдүүлнэ. Үйл ажиллагааны тодорхой хүрээ бүрт элит байна. Парэто элитийг улс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд шууд оролцох засаглагч элит, засаглагч бус элит гэсэн хоёр төрөлд ангилсан. Нийгмийн давхараажилт элит болон элит бус давхарга гэсэн хоёр хэсгээс бүрдэх пирамид хэлбэртэй. Дэглэм, засаглалын хэлбэрээс үл хамааран нийгэмд элит ямагт оршин байсан, байна, байсаар ч байх болно.
Парэто элит гэх ойлголтын зэрэгцээ засаглагч анги, ноёрхогч анги, язгууртан, дээд анги гэх мэт нэр томьёог ашигласан байдаг. Гэхдээ эдгээр үгийн ерөнхий утга нэгдмэл шинжтэй байв. “Гэгээн язгууртан, дээрэмчин язгууртан, эрдэмтэн язгууртан, гэмт хэрэгтэн язгууртан гэх мэтчилэн” язгууртны олон төрөл байж болох талаар бүтээлдээ дурджээ. Хамгийн чухал нь, язгууртан буюу элитийг хэрхэн тодорхойлох вэ, мэдлэг чадвар нь ямар байх ёстой вэ гэдэгт асуудлын гол оршино. Парэто элитэд түгээмэл шинж байхыг үгүйсгэж, тодорхой орчин, тухайлбал оршин буй нийгмийн тогтолцоотой холбоотойгоор төлөвшиж болох талаар дурдсан байна.
Парэто элит хэмээх ойлголтыг бодит нийгмийн талаас авч үзэхийг хичээсэн. Элит бол нэг талаар байгалийн шалгарлын үр дүн учир өөрийн салбартаа дээд зэргээр мэргэшсэн тийм хүмүүсийг багтаана. Гэвч нийгмийн орчинд элитийн шинж байхгүй хэрнээ элит давхаргад багтсан хүмүүс байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, эхний тайлбартайгаа хоёр дахь үзэгдэл зөрчилдөх болсон. Ангийн нээлттэй бүтэц, тогтвортой дайчилгааны механизм бүхий нийгэмд элит байгалийн шалгарлын үр дүнд бүрддэг болохыг тэрээр онцолсон. Харин ангиудын хаалттай бүтэц, дайчилгааны механизм үгүй нийгэмд элит бүрдэх үйл явц доголдох хандлагатай байдгийг гаргасан. Биеэ барих чадвартай байх, зорилгодоо хүрэхийн тулд бусдыг өрвдөх зүйлгүй золиглох хаттай байх, шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэх, бусдыг дагуулах, итгэн үнэмшүүлэх чадвартай байх зэрэг нь засаглагч элитийн үндсэн шинж юм. Засаглал итгэл үнэмшил, хүчирхийлэл дээр суурилна. Хэрэв бусдыг итгэн үнэмшүүлэх чадваргүй бол эргэлзээгүй хүч хэрэглэх чадвартай байх хэрэгтэй. Хэрэв хүч хэрэглэх чадваргүй бол бусдын талдаа татах, ятган сэнхрүүлэх чадвар эзэмшсэн байвал зохино. Чадварыг бүгдийг эзэмшвэл түүнээс илүү сайн зүйл гэж үгүй. Чадвартай байна гэдэг эрх мэдлээ тогтоох барихын үндэс юм. Энэ утгаараа Парэто түүхийг “язгууртны булш мөн” хэмээсэн байдаг.
Нийгмийн харилцааны нэг онцлог нь элит болон элит бус давхаргын хооронд мөнхийн сэлгээ хийгдэж байдагт оршино. Дээд анги буюу элит шинэчлэгдэх үйл явцыг элитийн цус сэлбэлт хэмээн нэрлэсэн байна. Элитийн цус сэлбэлтийн үр дүнд нийгмийн хөгжил тасралтгүй урагшилж байдаг зүй тогтолтой.
Элитийн цус сэлбэлт
Элитийн цус сэлбэлт нийгмийн тэнцвэржилтийг хангахад онцгой чухал үүрэгтэй. Цус сэлбэлт нь элитэд удирдлагыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцөөр хангаж байдаг. Хэрэв элит хаалттай бүлэг болон хувирч, нийгмийн доод давхаргын чадвартнаар өөрийгөө шинэчилж чадахгүйд хүрвэл элитээ дагаад нийгэм бүхэлдээ уналтад ордог. Нөгөө талаас, нийгмийг удирдах чадвар бүхий хүмүүс доод ангийн бүтцэд хуримтлагддаг байна. Ингэснээр улс төрийн тэмцэл буюу хувьсгал үүснэ. Элитийн цус сэлбэлт удаашрах, нийгмийн доод давхаргад элитийн шинжтэй хүмүүс хэт олшрох нь нийгмийн тэнцвэржилтийг эвдэж, хувьсгал гаргахад хүргэдэг байна. Шууд утгаар хэлэхэд, нийгмийн элит давхаргын бүтцийг эрс шинэчлэх үйл явц бол хувьсгал юм.
Элитийн хэв шинж
Хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн үйл явц гэгч элитийн өсөлт, бууралт, уналтын үйл явц юм. Ингэхлээр, энэ нь хүний нийгэм оршин байх ерөнхий зүй тогтол болж байна. Элит солигдох буурч, доройтох, эсвээс өсч хөгжихийн чухам шалтгаан юунд оршино вэ? Парэто үүнийг элитийн хэв шинжтэй холбон тайлбарласан байна. Үнэг болон арслан хэв шинжит хоёр төрлийн элит байна. Үнэг хэв шинжит элит давамгайлах үед нийгэмд хөгжлийн алс ирээдүйг харах бус, эрх мэдлээ хэрхэн, ямар аргаар тогтоон барих вэ гэсэн хувиа аргацаасан хандлага ноёлох болдог. Алс ирээдүйг бус, ойр үеэ бараалах, улс үндэстний гэхээсээ илүү амин ашиг тусаа хичээх, оюун санааны гэхээсээ илүү эд материалд шунан тачаадах тэргүүтэн нь үнэг хэв шинжит нийгмийн үндсэн шинж юм. Эрх мэдлээ тогтоон барих арга нь олон түмнийг хууран мэхлэх, ятган сэнхрүүлэх, худалдан авах тэргүүтэн арга болно. Харин арслан хэв шинжит элитийн үед хүч хэрэглэсэн, хүчин суурилсан аргаар эрх мэдлээ тогтоон барихыг чармайх бөгөөд үнэг хэв шинжит элитээс илүү алс холыг цараалдаг байна. Гэхдээ нийгмийн хөгжил ерөнхийдөө зогсонг байдалд орох хандлагатай байдаг.
БЭЛТГЭСЭН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР