Wednesday, January 11, 2017

ШАРЛОТТА ПЭРКИНС ГИЛМАН

Социологийн шинжлэх ухааны хөгжлийн эхэн үед уг мэдлэгийн төрлийн төлөвшлийг их төлөв эрэгтэй социологичидтой холбон үздэг байв. Гэтэл уг хандлага социологийн ухааны өрнөлд томоохон нөлөө үзүүлсэн эмэгтэй судлаачдын бүтээл, үзэл санааг судлах, үнэлж дүгнэхэд томоохон саад тээг болж байсан юм. Тухайлбал, саяхныг хүртэл О. Контын үндэслэсэн гэж үздэг байсан шинжлэх ухааныг Харриэт Мартинуа хөгжүүлсэн гэдгийг нотлох жишээтэй. Социологийн ухааны түрүү үеийн хөгжилд үлэмжхэн нөлөө үзүүлсэн томоохон эрдэмтдийн нэг нь Америкийн социологич Шарлотта Пэркинс Гилман билээ.
Шарлотта Пэркинс Гилман (Англи хэлнээ: Charlotte Perkins Gilman/ˈɡɪlmən/1860 оны долдугаар сарын 3 — 1935 оны наймдугаар сарын 17) — болбоос Америкийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, социологич, яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч, утга зохиол шүүмжлэгч, багш, нийгмийн шинэчлэлийн үзэл санааг хөгжүүлэгч нэгэн юм. Гилман эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөний үндэс суурийг тавигч бөгөөд дэвшилтэт үзэл санаа бүхий олон арван бүтээл туурвижээ. «Шар тууз» нэрт зохиолоо Шарлотта Гилман ухаан мунхарах өвчнөө ялан дийлэх явцдаа бичсэн түүхтэй.
Цадаг намтар
Гилман 1860 оны долдугаар сарын 3 нд Америкийн Коннэктикут муж улсын Хартфорд хотноо Мэри Пэркинс (Мэри Фитч Уэсткотт), Фрэдэрик Бичэр Пэркинс нарын гэрт мэндэлсэн гэдэг. Гилманаас гадна, тэднийх Томас Эди нэрт хүүтэй байжээ. Эрүүл мэндийн байдал дордсон тул эмч нар Мэрид дахин хүүхэд төрүүлэхгүй байхыг зөвлөсөн байна. Үүний дараа Фэдэрик гэр бүлээ орхиж, ядуу зүдүү байдалд үлдээжээ. Мэри гэр бүлээ өөд татахын тулд бүхий л хүчээ дайчилж, суфражист хөдөлгөөний зүтгэлтэн Изабэлла Бичэр Хукэр, үргэлжилсэн үгийн зохиолч Харриэт Бичэр Стоу, сурган хүмүүжүүлэгч Кэтрин Бичэр нарын тусламжид түшиглэх болсон байна.
Шарлотта таван наснаас эхлэн бичиг үсэг гадарлах болсон ч өвчин ээрэмтгий нэгэн байжээ. Тиймдээ бусад хүүхэдтэй тоглохыг урьтал болгодоггүй, утга, уран зохиол шимтэн сонирхох болжээ. Бага насаа ганцаардмал, ядуу зүдүү байдалд өнгөрөөсөн ч нийтийн номын санд зочилж, эртний соёл иргэншил судлах болсон. Эцгийнх нь утга зохиолд дуртай байдал Шарлоттад хүчтэй нөлөөлсөн бөгөөд эцэг нь охиндоо хэрэгтэй гэсэн ном зохиолыг нь сэтгэл харамгүй олж өгдөг байв.
Гилман идэр насаа Род-Айлэнд дахь Провидэнсид өнгөрөөсөн юм. Найз нар нь ихэнхдээ эрэгтэйчүүд байсан учир “дүрсгүй жаал” гэсэн хочтой хоцорчээ. Нийтдээ 7 сургуульд шилжин суралцсан ч 15 насандаа төгсч чадсан юм. Төрөлхийн ухаалаг, тал бүрийн мэдлэгтэй нэгэн учир багш нартаа ихэд үнэлэгдэх болжээ. Шарлоттагийн дуртай хичээл нь байгалийн философи, тэр дундаа физик байлаа. 18 насандаа эцгийн дэмжлэгтэйгээр дизайны сургуульд элсч орсон байна. 1884 онд зураач Чарльз Уолтэр Стэтсонтой ураглаж, жилийн дараа Кэтрин Бичэр Стэтсон нэрт охинтой болжээ. Гэвч төрөлтийн дараах ухаан мунхарах өвчинд нэрвэгдэж, багагүй зовлон амссан гэдэг.
Сэтгэл санаа таарамж муутай байсан учир 1888 онд нөхрөөсөө холдож, 1894 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан байна. Улмаар Калифорни муж улсын Пасадэн хотноо суурьшиж, орон нутгийн сонины ерөнхий шүүдэглэгчээр ажиллахын зэрэгцээ эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэлд идэвхийлэн оролцох болжээ. Судлаачдын үзсэнээр, энэ үеэс эхлэн түүний үзэл санааны ерөнхий өнгө, төрх бүрэлдсэн байна. Гэхдээ түүнийг эмэгтэйчүүдийн эрхийг догмчлон шүтэгч нэгэн гэж хараахан үзэж болохгүй юм. Учир нь, тэрээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэн нэгнээсээ давуулаг бус, гагцхүү эрх тэгш байх хэрэгтэй гэсэн санааг сурталчилж байлаа. Үүнийгээ ч өөрийн амьдралд хэрэгжүүлэхийг зорьсон байдаг.
Эхийгээ бие барсны сүүлээр Шарлотта өөрийн үеэл ах Уолл-Стрит Хоутон Гилмантай харилцаа тогтоож, улмаар түүнд сэтгэл алдарчээ. 1900 онд ураглаж, 1922 он хүртэл Нью-Йорк хотноо хамт амьдарчээ. Харамсалтай нь, Хоутон 1934 онд тархины цусан хангамж дутмагших өвчнөөс болж зуурдаар бие барсан юм. Харин Шарлотта 1932 оны нэгдүгээр сард хөхний хорт хавдар тусч, 1935 оны наймдугаар сарын 17 нд 75 насандаа амиа егүүтгэжээ.  
Нийгэм, улс төрийн хувьд Шарлотта Гилман гойд дэвшилтэт нэгэн байв. Пасадэнд байхдаа нийгмийн шинэчлэлийн үйл явцад идэвхтэй оролцох болжээ. Калифорни муж улсаас төлөөлөгчөөр сонгогдон 1896 онд Вашигтонд Сонгуулийн Эрхийн Хорооны бүрэлдэхүүнд орж ажилласан байна. Үүнээс гадна, 1890 оноос эхлэн “Капиталист нийгмийн зөрчлийг арилгаж, энхийн эрхэмлэсэн, ёс суртахуунт, дэвшилтэт хүн төрөлхтөнийг бий болгох” зорилго бүхий үндэсний клубуудын үйл ажиллагаанд оролцох болсон.
Шарлотта Гилманы нийгэм, улс төрийн онол
Юуны түрүүнд, гэр бүлийн хүрээнд эцгээ хүндлэх хуучинсаг хандлага давамгайлах болсноос үүдэн эмэгтэйчүүд дарлагдаж байгааг нээн илэрүүлэхийг зорьсон учир Гилман өөрийн онолыг хүмүүнлэг гэж тодорхойлжээ. Гилман Английн ургамал судлаач Ч. Дарвины нийгмийн шалгарлын онолыг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Шинэчлэх шаардлага онолыг бүхэлд нь нэгэн байгууламж гэж үзвэл үндсэндээ эрчүүдийн талд давуулаг байдлаар үйлчлэхэд зориулагдсанд оршино. Тиймээс хэзээ ямагт эрчүүдийн сайн хамтрагч, туслагч байсаар ирсэн эмэгтэйчүүдийн байр суурийг нийгмийн шалгарлын онолд баталгаажуулах ёстой.
Эрэгтэй хүний дээрэнгүй зан, эмэгтэйчүүдийн илүү хариуцлага хүлээх байдал зохиомол зүйл бөгөөд зүй ёсны шинжтэй биш юм. “Эмэгтэй оюун ухаан гэж байдаггүй. Ерөөсөө уураг тархи хүйсийн шинжтэй эрхтэн биш юм” хэмээн Гилман бичжээ.
Түүний онолын гол үндэслэгээ секс, гэр бүлийн аж ахуйтай холбоотойгоор гарч ирдэг. Юуны түрүүнд, эмэгтэйчүүд эрчүүдийг гэр бүлээ ивээн тэтгэдэг болгоход сексийн чадвараа ашиглах хэрэгтэй. Эмэгтэйчүүдэд тусгай хувцас бэлтгэн өгч, тусгай тоглоомоор тоглуулж өсгөдөг. Энэ бол буруу. Тэднийг ялгаврлан, гадуурхах, дордчлон үзэхийн чухам шалтгаан үүнээс эхтэй. Хэрэв эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх, үүргийн ялгаварт харьцааг үгүй хийе гэж бодож байгаа бол тэдний хүмүүжлийн ялгааг арилгах хэрэгтэй. Тэр ч байтугай, эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаварт хувцас хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай. Хүн төрөлхтөний түүхэнд эмэгтэйчүүдийг дордчилж үзэхийн цаад үндэс нь олон зуунаар хэвшин тогтсон эцгийн эрхт ёс юм. Энэ ёсны гарцаагүй үр дүн нь эмэгтэйчүүд төгөлдөр бус бөгөөд эрчүүдийн ачаар чанагшлах боломжтой гэх үзэл санаа болно.
Эрчүүдээс эмэгтэй хүн эдийн засгийн хувьд хараат бус байх нь эрх чөлөө олох хамгийн үр дүнтэй, найдвартай арга гэдгийг Шарлотта Гилман онцолсон. 1898 онд бичсэн «Women and Economics» бүтээл нь дээрх санааг хөгжүүлэхэд зориулагдсан байна. Эмэгтэйчүүд гэр бүлээс гадуур ажил хийх, үр хүүхдээ өсгөх, хоол хүнсээ бэлтгэхэд эрх тэгш оролцох зэрэг нь чухамдаа бол эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдалтай шууд холбогдоно.
Гилманы онолд шинэчлэлийн тулгуур төв нь цалин хөлс, ажил хөдөлмөр, гэр бүл болж байв. Гэрийн ажлыг эр, эм ялгалгүй харилцан адил хуваарилж хийвээс сая болох. Гэр бүлээс гадуур нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх санааг Шарлотта Гилман «The Home» (1903 он), «Human Work» (1904 он),  «The Man-Made World» (1911 он) зэрэг бүтээлүүддээ дурдсан байна.
Энэ бүхнээс үзэхэд Гилман гэр бүлийг нийгмийн хувьд шинэтгэн сайжруулах нь чухал гэж онцолсон нь харагдаж байна. Гэхдээ аль нэг талд нь давуулаг эрх олгох юм уу үүрэг хүлээлгэхийг урьтал болгосонгүй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтран, эрх чөлөөтэйгээр амьдралаа босгох тийм нийгмийн орчин бүрдүүлэхийг чухалчилжээ.  
Зөвхөн эр, эмийн харилцаан дээр гэр бүл тогтдоггүй. Үр хүүхэд, хамаатан саднаа ч мөн адил хамруулан ойлгох хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэг нэгнээсээ эдийн засгийн хувьд хараат байж болохгүй. Хэрэв ийм байдал үүсвэл гэр бүлийн харилцаанд тэгш бус байдал үүсдэг. Тиймээс хүн бүр эдийн засгийн хувьд хараат бус байж, чөлөөт сонголт хийх тэр л орчинг бүрдүүлэх нь нийгмийн амьдралын үндсэн зарчим юм гэж Гилман үзсэн байна. Түүний үндсэн санаа нь эдийн засгийн болон сексийн хараат бус байдлыг бий болгох замаар хүйсийн эрх тэгш орчинг хангахад оршиж байв.
Гэхдээ Гилманы бүтээлд нэг анхаарал татсан асуудал байдаг нь арьсны үзэл санаа юм. Хар арьстнууд ямар ч тохиолдолд цагаан арьстнаа бодвол чадамжын хувьд дутмагших хандлагатай байдаг. Тиймээс цагаан арьстанд илүү эрх эдлүүлж, үүрэг хүлээлгэх, хар арьстнуудад харьцангуй бага эрх, үүрэг оногдуулах хэрэгтэй гэсэн санааг тэрээр гаргасан байна.
ТОЛМОЧЛОН БУУЛГАСАН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment