Wednesday, January 18, 2017

ГЕРМАНЫ ГЕОПОЛИТИКЧ ИОХАН РУДОЛЬФ ЧЭЛЛЕН

Рудольф Чэллен
Швед хэлнээ:  Rudolf Kjellén
Мэндэлсэн он:
1864 оны зургаадугаар сарын 13
Мэндэлсэн газар:
Швед-Норвегийн Нэгдсэн Холбооны Улс, Швед, Скараборг муж, Мариестад дахь Торсе
Бие барсан он:
1922 оны арваннэгдүгээр сарын 14 (58 насандаа)
Бие барсан газар:
Швед улс, Уппсала хот
Харьяалал:
Швед улс
Шинжлэх ухааны хүрээ:
Геополитикийн ухаан
Ажилласан газар:
Хетеборгийн болон Уппсалийн Их Сургууль
Альма-матэр:
Уппсалийн Их Сургууль
Иохан Рудольф Чэллен (Швед хэлнээ: Johan Rudolf Kjellén1864 оны зургаадугаар сарын 13, Торсе — 1922 оны арваннэгдүгээр сарын 14, Уппсала хот) — нь Шведийн нэр нэндсэн социологич, улс төр судлаач бөгөөд “геополитик” хэмээх ойлголтыг шинжлэх ухааны эргэлтэд оруулсан нэгэн билээ. Чэллен авгайн шинжлэх ухаанч үйл ажиллагаанд “улс төрийн газар зүйн” томоохон онолч, Германы эрдэмтэн Фридрих Ратцэл хүчтэй нөлөөлөл үзүүлсэн байдаг. Нэрт эрдэмтэн Чэлленийг Фридрих Ратцэл, Александр фон Хумбольдт, Карл Риттэр нарын зэрэгцээгээр Германы геополитик дэг сургуулийг үндэслэгчдийн нэг гэж зүй ёсоор тооцдог байна.
Цэдиг намтар
Чэллен 1864 оны зургаадугаар сарын 13 нд Шведийн Скараборг мужийн Торсе тосгонд санваартны гэрт мэндэлсэн. Скара дахь гимназийг төгсөөд 1878-1888 онуудад Уппсалийн Их Сургуульд хууль цаазын ухаанаар суралцсан байна. Улмаар 1890 онд хууль цаазын ухаанаар докторын зэрэг горилсон юм. Хетеборгийн Их Сургуульд 1901-1916 он хүртэл тасралтгүй ажилласан түүхтэй. Энэ бүхнээс гадна, 1905-1917 онуудад Шведийн хууль тогтоох хуралд сонгогдон ажиллахын зэрэгцээ 1916-1922 онуудад Уппсалийн Их Сургуульд багшилжээ. Хэдийгээр Чэллен Швед хүн байсан боловч үзэл бодлын хувьд Германы эрдэмтэн Ратцэлийн нөлөөн дор байж, нармай Герман онолыг сурталчилах болсон юм. Тиймдээ ч түүний бүтээлүүдэд Германы соёл, соёлын бүрдлийг сүслэх өнгө төрх нэвт шингэсэн байдаг.
Улс төрийн сургаал
Чэллен 1900 онд гаргасан “Шведийн газар зүйн ойллого бичиг”, 1916 онд олны хүртээл болгосон “Төр улс амьдралын хэлбэр болох нь” зэрэг зохиолууддаа геополитик хэмээх ойлголтыг анх тэргүүнээ шинжлэх ухааны хэрэглээнд нэвтрүүлжээ. Түүний үзсэнээр, геополитикийн талаас төр улсын байр суурьт нөлөөлөгч гурван хүчин зүйл байна. Тодруулан хэлбэл, үүнд газар нутгийн хэмжээ, нэгдмэл шинж чанар, улс орнуудтай харилцах газар зүйн онцлог ордог байна. Чэллений онол генерал Карл Хаусхоферын үзэл санаагаар дамжин хожмоо фюрер Адольф Хитлэрийн улс төрийн бодлогод тусгалаа олсон байдаг.
Дээр цухас дурдсан “Төр улс амьдралын хэлбэр болох нь” бүтээлдээ Ратцэлийн арга зүйд түшиглэн төр улсын талаарх органик онолыг хөгжүүлэхийг оролджээ.
Амьд организмийн нэгэн адил төр улс мэндлэх, өсч хөгжих, өтөлж хөгширөх гэсэн амьдралын мөчлөгүүдийг туулдаг байна. Энэ бүх амьдралын мөчлөгүүд оршин байх, тэсч үлдэх гэсэн ерөнхий, түгээмэл хууль, зүй тогтолд захирагдана. Төр улсын хувьд оршин байхын төлөөх тэмцэл амьдрах орон зайн төлөөх өрсөлдөөнөөр илрэн гардаг. «Орон зайн хувьд хязгаарлагдмал хүчирхэг улс ямар ч тохиолдолд булаан эзлэх, нэгтгэх, колончлох замаар газар нутгаа тэлэх гэсэн улс төрийн хүсэл сонирхлыг тээж байдаг. Бид үүнийг урьд цагийн Английн, өнөө цагийн Япон, Германы жишээнээс тодорхой харж болох билээ. Эндээс булаан эзлэх адын донг бус, өсч хөгжих, өндийн дээшлэх байгалийн жам ёсны хэрэгцээ, шаардлагыг мэдэрч болох байна» хэмээн Чэллен бичжээ.
Чэллен төр улсын бүхэллэг чанарын онолыг хөгжүүлсэн байна. Түүний үзсэнээр, төр улс ямар ч тохиолдолд дараах дөрвөн бүрдлийн зохист харилцааг өөрт бий болгохыг хичээх хэрэгтэй. Эдгээрт:
1.       Физик-газар зүйн орон зайн организм байх:
2.       Аж ахуйн тодорхой хэлбэрийг хөгжүүлэх:
3.       Угсаатны тодорхой нийтлэгийг бий болгох:
4.       Анги, давхаргын хооронд тодорхой хэмжээнд нийгмийн нэгдлийг төлөвшүүлэх:
5.       Үндсэн хуульт байгуулал, захиргааны бүтэц бүхий төрийн удирдлагын хэлбэрийг бүрдүүлэх зэрэг болно.
Хэрэв эдгээр таван бүрдлийн зохист харилцааг бий болгож чадвал улс орон цэцэглэн хөгжих болно гэсэн санааг гаргажээ. Төрийн бодлого 1. Аж ахуйн үйл ажиллагаа буюу экополитик: 2. Хүн амд чиглэсэн үйл ажиллагаа буюу демополитик: 3. Анги, бүлгүүдэд чиглэсэн үйл ажиллагаа буюу социополитик: 4. Төрийн алба, засаг захиргааны үйл ажиллагаа буюу кратаполитик гэсэн дөрвөн хүрээнд илэрдэг талаар Чэллен дурдсан байна.
Геополитикийн ухаанд Чэллен төрийн улсын автарки байдлын талаар шинэ санаа хөгжүүлсэн нь судлаачдын зүгээс өндөр үнэлэлт авчээ. Чэллений үзсэнээр, бусад улсын улс төрийн бодлого, үйл ажиллагаа, олон улсын харилцааны хүчний тэнцвэрээс хамаарч буй үед ямар ч төр улс аж ахуйн хувьд жинхэнэ утгаараа бие даан хөгжиж чадваргүй байдаг. Тиймээс улс орны аж ахуйн хөгжлийг хангахын тулд автарки буюу бусдаас тусгаарлагдмал байдал тодорхой хэмжээнд хэрэгтэй гэж сургасан.
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд Чэллен геополитик буюу орон зайд биелэлээ олсон амьд организм болох төр улсын тухай мэдлэгийг анхлан хөгжүүлжээ. Геополитик нь улс төрийн шинжлэх ухааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд социологийн ухаанаас салбарлан хөгжсөн талаар Чэллен бүтээлдээ дурдсан байна.
Чэллен олон улсын харилцааны талаар өөрийн гэсэн таамаглалыг бий болгожээ. Юуны түрүүнд, олон улсын харилцаанд нөлөөлөгч гүрнүүдийг хүчин чадлын хэмжүүрээр 1. Дэлхийн гүрэн: 2. Их гүрэн хэмээн хоёр төрөлд ангилсан. Англи, АНУ, Орос, Германыг дэлхийн гүрэн гэж үзсэн бол Франц, Япон, Австри-Унгарын эзэнт улс, Италийг их гүрэн хэмээн тодорхойлжээ. Англи, Франц улсыг доройтож буй, Герман, Японыг сэргэн мандаж буй гүрэн гэж үзжээ.  XX зууны дэлхийн хүчний чиг хандлагыг урьдчилан тодорхойлж, АНУ, Орос хоёр олон улсын харилцааны түвшинд ноёрхох болно гэж таамагласан нь бүрэн биелэлээ олсон юм.

БИЧВЭРИЙГ БЭЛТГЭСЭН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

1 comment:

  1. Coin Casino – Best Bitcoin Casino – Play Games Online
    The 메리트카지노 Bitcoin Casino world is full of amazing casino games. The variety of games you can enjoy in the casino is endless. 메리트카지노총판 You don't have to go for real 인카지노 money to

    ReplyDelete