Wednesday, December 21, 2016

СОЦИОЛОГИЙН УХААНЫГ ҮНДЭСЛЭГЧ ХАРРИЕТ МАРТИНУА: ЦАДАГ НАМТАР, ҮЗЭЛ САНАА

Английн зураач Ричард Евансийн зурсан Харриет Мартинуа авхайн хөрөг, 1834 он
Хүн төрөлхтөний түүх агуу хүмүүсийн цадаг намтар билээ хэмээн Английн нэрт эрдэмтэн Томас Карлейл нэгэнтээ хэлсэн байдаг. Гунигт амьдралынхаа хатуу тавиланд сэтгэл анирч суулгүй, зүтгэл, хөдөлмөрийнхөө хүчээр мэдлэгийн нэгэн шинэ төрөл болох социологийн ухааныг цүглэгч суутан бол XIX зууны Английн бичгийн их хүн Харриет Мартинуа юм. Ташрамд дурдахад, социологийн ухааныг хэн үндэслэсэн тухайд өнөөдрийг хүртэл судлаачдын дунд байр суурь нэгдмэл биш байна. Нэг хэсэг нь Францын эрдэмтэн Огюст Контын нэртэй холбон үздэг бол нөгөө нэг хэсэг нь мөхөс хүний бичвэрт өгүүлэх Харриет Мартинуа авхайг нэр цохдог байна. Хувь судлаачийн хувьд Мартинуа авхай социологийн ухааныг үндэслэсэн гэж үздэг болно. Контын хувьд ердөө л социлоги хэмээх ойлголтыг шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан нэгэн юм.
Харриет Мартинуа (Harriet Martineau) 1802 оны зургаадугаар сарын 12 нд Английн Норфолк гүнлэгт Норвич хотноо фабрикийн эзэн Томас Мартинуа, Элизабэт Ранкин нарын гэрт найман хүүхдийн зургаа дахь хүүхэд болж мэндэлжээ. Гарвалийн хувьд католиг шашинт Францаас дүрвэж, протестант шүтлэгт Англид суурьшсан гугенот учир энэ айлын бүх хүүхэд нийгмийн бурангуй ёсонд шүүмжлэлт байр сууринаас хандах хүмүүжилтэй болж өссөн байна. Мартинуагийн хувьд багаасаа үнэр, амт ялгах чадваргүй, сонсголын бэрхшээлтэй нэгэн байсан учир амьдралд нь аз жаргал, баяр хөөр гэж байсангүй ээ. 16 насандаа авга эгч Кэнтиш авхайн гэрт сууж, Бристол хотноо сургуульд суралцах болжээ. Авьяаслаг, үе тэнгийн нөхөдтэй харилцаж эхэлснээр Мартинуагийн амьдрал аз жаргалаар бялхсан байна.  
Томас Мальтусын бүтээлийг шимтэн уншигч Мартинуа улс төр эдийн засгийн ухаанд бие даан шамдан суралцах болжээ. Ингээд 1821 онд “Эмэгтэйчүүдийн боловсрол” нэрт анхны өгүүллээ нийтлүүлсэн байна. Амьдралынхаа хугацаанд Мартинуа нийтдээ 50 гаруй бүтээл, 2000 гаруй өгүүлэл бичиж нийтлүүлсэн байна. Үүний зэрэгцээ, 1853 онд О. Контын “Позитив философийн лекцүүд” бүтээлийг Англи хэлнээ утгачилжээ.
1829 онд эцэг нь бие барсан явдал Мартинуагийн амьдралд томоохон цохилт болжээ. 1832 онд “Улс төр эдийн засгийн тухай хүүрнэл”, 1837 онд “Америкийн нийгэм” нэрт зохиол нийтлэгдсэн явдал Харриет Мартинуа авхайг алдар хүндийн оргилд хүргэсэн байна.
1832 оноос Лондон хотноо амьдрах болж, тухайн үеийн сэхээрэлт хүмүүс болох түүхч Хэнри Халлам, Хэнри Харт Милмэн, феминист гүн ухаантан Харриет Тейлор-Милл, шоронгийн тогтолцоог шинэчлэгч Александр Маконоки, эдийн засагч Томас Мальтус, яруу найрагч Ричард Монктон Милнэс, Элизавэт Баррэт Браунинг, үргэлжилсэн үгийн зохиолч Сидней Смитт, барон Эдвард Бульвер-Литтон, Жон Стюарт Милл, олонд Жорж Элиот нэрээр алдаршсан зохиолч Мэри Энн Эванс, дуун хөрвүүлэгч Сара Остин, хуульч, геологийн ухааныг үндэслэгч, барон Чарльз Лейл, Томас Карлейл, түүний эхнэр Жэни Вэйлс Карлейл нартай танилцаж, нөхөрлөсөн байна. Үзэл санааны хувьд гүн ухаантан Жон Стюарт Милл, Жейн Марсет нарын нөлөөн дор байжээ. Ялангуяа, Жейн Марсет авхайн 1816 онд бичсэн “Улс төр эдийн засгийн тухай хүүрнэл” бүтээл хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг.
1839 оноос Мартинуа авхайн биеийн эрүүл мэнд илтэд муудаж эхэлсэн байна. Уйланхайт хөндийн хавдар буюу бэлцрүү өвчний улмаас эрүүл мэндийн байдал дордсон тул хамаатны Томас Майкл Гринхайнд таван жилийн турш хэвтэж эмчлүүлсэн байдаг. Ажил хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуу болсон Мартинуа телескоп худалдан авч эрх чөлөө эдэлдэг байсан талаар тухайн үеийнхэн дурсан бичжээ.
1845 оноос суурин амьдралд шилжиж, Английн Камбри гүнлэгийн Эмблсайдад өөрийн гэсэн гэртээ болжээ. 1848 онд Мисир, Сири, Палестин орноор аялаж, үр дүнд нь “Дорнын амьдрал: Өнгөрсөн, одоо” нэрт бүтээл нийтлүүлсэн байна.
Харриет Мартинуа Эмблсайд дахь гэртээ 1876 оны зургаадугаар сарын 27 нд 74 насандаа хий ханиалгын улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Мартинуа Огюст Контын нэгэн адил позитивист урсгалыг баримтлагч нэгэн байсан юм. Түүний шинжлэх ухааны үйл ажиллагааны нэг онцлог нь нийгмийн нарийн, төвөгтэй асуудлыг утга, уран сайхны хэлээр, тодруулбал, богино хэмжээний өгүүллэг, туужийн хэлбэрээр уншигч, сонирхон судлагчдад хүргэдэг байсанд оршино. Мартинуа судалгаандаа нийгэм, улс төр, эдийн засаг, шашны өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн байдаг.
Аливаа улс оронд нийгмийн үзэгдэл, үйл явцыг судлах тусгай мэдлэгийн төрөл байх нь зайлшгүй. Энэ мэдлэгийн төрөл буюу шинжлэх ухааны гол зорилго нь цэвэр нийгмийн (social: социальное) үзэгдэл, үйл явцыг обьектив байдлаар судлахад оршино. Ингэж судлахад нийгмийн үзэгдэл, үйл явц ерөнхий, түгээмэл хууль, зүй тогтолд захирагддаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь, хүний зовлон, хүчирхийллээс дайжиж, аз жаргалыг хүсэн эрэлхийлэх тэмүүлэл нийгмийг хөгжлийг урагшлуулдаг гэдгийг санаж байх хэрэгтэй. Ялдарлан хэлэхэд, хэрхэн зовлон, хүчирхийллээс дайжиж, аз жаргалыг эрэлхийлж байна вэ гэдэгт хариулт олох нь нийгмийн судлаачдын судалгааны гол зорилго болно.
Мартинуа харьцуулсан судалгааны арга зүйг ашиглахын зэрэгцээ нийгмийн хөгжил, дэвшлийг тодорхойлох дараах гурван хэмжүүр байдгийг тогтоосон. Үүнд:
·         Нийгэмд ядуурал хэр байна вэ:
·         Нийгэмд чинээлэг иргэд хэр байна вэ:
·         Нийгэмд баялагийн хуваарилалтыг хэрхэн хангаж байна вэ:
Энэ бүхний эцэст Мартинуа нийгмийн хөгжлийг ерөнхийд нь тэгш байдал тодорхойлно гэж үзсэн. Нийгэм өөрийн гишүүдийн эрх тэгш харилцаанд тулгуурлан хөгжих бүрэн боломжтой. Гэтэл ямар учраас тэгш бус байдал амь бөхтэй хадгалагдсаар байна вэ? Үүнд чухам юу нөлөөлж байна вэ?
Энэ утгаараа Мартинуа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын, баян, ядуу иргэдийн хоорондын, эзэн ноён, боол зардасны хоорондын эрх тэгш бус харилцааг шүүмжилсэн байдаг. Бүх хүн адил тэгш байх ёстой, нийгмийн баялагийг эрх тэгш хүртэж байх ёстой гэсэн санааг гаргасан байдаг. Зарим судлаачид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааны талаарх Мартинуагийн үзэл санааг чухалчлан үзэж социологийн ухааныг үндэслэгч биш, харин феминист социологийн урсгалыг хөгжүүлэгч гэж үзэх явдал байдаг. Энэ бол Харриет Мартинуагийн үзэл санаатай зуурам дутуу танилцсны уршиг юм.
Гэхдээ Мартинуа хэзээ ч коммунист юм уу социалист үзэл санааг сурталчилж байгаагүй юм. Тэрээр нийгмийн бурангуй асуудлыг тогтолцооных нь хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байдаг.
Эцэст нь өгүүлэхэд түүний үзэл санаа М. Вебер, Э. Дюрхэйм, П. А. Сорокин, Т. Парсонс, Н. Смелзер нарын хойш хойшдын олон судлаачдын бүтээлд гүн тусгалаа олсон байдаг.

ТОЛМОЧЛОН БУУЛГАСАН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment