Saturday, January 14, 2017

ӨРНӨ ДАХИНЫ НЭР НЭНДСЭН СОЦИОЛОГИЧ ИДА БЭЛЛ УЭЛЛС-БАРНЭТТ (IDA BELL WELLS-BARNETT)

Ида Бэлл Уэллс-Барнэтт
Үйл ажиллагааны төрөл:
Сэтгүүлч, социологич
Мэндэлсэн он:
1862 оны долдугаар сарын 16
Мэндэлсэн газар:
АНУ, Миссипи, Маршалл, Спрингс
Харьяалал:
Америкийн Нэгдсэн Улс 
Бие барсан он:
1931 оны гуравдугаар сарын 25 (68 насандаа)
Бие барсан газар:
АНУ, Иллинойс, Кук, Чикаго хот
Ида Бэлл Уэллс-Барнэтт (Англи хэлнээ: Ida Bell Wells-Barnett; 1862 оны долдугаар сарын 16 1931 оны гуравдугаар сарын 25) нь дэлхий дахинаа Ида Б. Уэлс нэрээр ихэд алдаршсан бөгөөд африк гаралтай америкийн сэтгүүлч, соён гэгээрүүлэгч, социологич, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, суфражист хөдөлгөөний томоохон төлөөлөгчдийн нэг болно.
Ерөнхийлөгч Авраам Линкольн боолчлолыг халах тунхаг гаргахаас хэдхэн сарын өмнө 1862 оны долдугаар сарын 16 нд Жамэс Уэллс, Елизавэтт “Исси Бэлл” Уаррэнтон нарын гэрт найман хүүхдийнх нь нэг болж мэндэлсэн. Эцэг Жамэс Уэллс төмрийн дархан хийхийн зэрэгцээ улс төрийн амьдралд ихээхэн сонирхолтой нэгэн байсан гэдэг. Харин эх нь шашны гүн итгэл бишрэлтэй хүн байжээ.
Ида 1884 оноос төмөр замын компанийн эсрэг ширүүн тэмцэл өрнүүлэх болсон. Хар арьстнуудыг АНУ-д дур зоргоороо хөнөөх, яллах нь цагаан арьстнуудын үздэг шиг гэмт хэрэгтнүүдийг залхааж буй хэрэг огтоос биш бөгөөд харин ч хар арьстнуудын хөдөлмөрийг шулан мөлжих, чанга хатуу гараар хянахад чиглэгдэж байна хэмээн үзжээ. Энэ бусармаг үзэгдэлтэй тэмцэхэд олон нийтийн анхаарлыг татах зорилгоор  Southern Horrors, The Red Record  гэх хоёр бүтээл нийтлүүлсэн байна. Тэрээр 1909 онд Өнгөт Арьстанд Дэмжлэг Үзүүлэх Үндэсний Холбоог үүсгэн байгуулжээ.
Бага сургуульд багшилдаг байсан Ида Бэлл Барнэтт-Уэллс нөлөө бүхий байгууллагын дэмжлэгт дулдуйдан эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэх болжээ. Цагаан арьст эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч Фрэнсис Уиллард авхайтай үзэл бодлын зөрчилтэй байсан бөгөөд эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэлд арьсны асуудал онцын ач холбогдолгүй хэмээн үзэж байв. Өөрөөр хэлбэл, Ида Бэлл Барнэтт-Уэллсийн хувьд хар, шар, цагаан гэлтгүй бүх эмэгтэйчүүдийг эрх чөлөөнд дөтлөх, ажиллах, хөдөлмөрлөх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хангах явдал туйлын чухал байв. Туршлагатай уран илтгэгч нэгэн байсны хувьд дэлхийн олон орноор аяласан байдаг. Тухайлбал, Европт 1893, 1894 онуудад хоёр удаа очиж, өөрийн үзэл санааг олонд таниулсан байна.
Сэтгүүлчийн хувьд тэрээр дахин давтагдашгүй нэгэн байв. Бага залуу наснаасаа сонинд нийтлэл бичих болжээ. Зарим мэдээнээс үзэхэд, The Living Way сэтгүүлд “Лола” гэх нууц нэр ашиглаж, арьсны үзэл санааг шүүмжилсэн нийтлэлүүд бичих болжээ.
Үзэл санааны хувьд Ида ихээхэн дэвшилтэт нэгэн байв. Хүн хүнээ мөлжих, дордчлох явдал бол бурангуй нийгмийн шинж мөн. Тиймээс ийм үзэгдэлтэй хэрхэвч эвлэрч болохгүй. Үүний зэрэгцээ хар, цагаан, шар байх хамаагүй бүх хүн адил. Эрэгтэй, эмэгтэй хүн ч эрх тэгш байх ёстой. Хэрэв энэ байдал хангагдаж чадвал нийгмийн хөгжил урагшилна. Хүн хүнээ энэрч хайрлах, дэмжиж туслах нь гагцхүү хүнд л байх хамгийн чухал чанар юм. Үүгээрээ хүн бусад амьтдаас ялгаатай. Ида авхайн энэ санаанд түүний эхийн шашинлаг үзэл санаа гүн шингэсэн байдаг. Хэдийгээр системтэй боловсрол олж чадаагүй ч Идагийн социологийн ухаанд оруулсан хувь нэмрийг олон эрдэмтэд өндрөөр үнэлсэн байдаг. Түүний үзэл санаа, сургаал номлолыг судлах ажил эхлэлийн төдий байгаа ч цаашид улам бүр батжин бэхжинэ гэдэгт хомс хүн итгэлтэй байна. Олон олон бичвэрийн өмнөтгөл болгож цэглэв.

БЭЛТГЭСЭН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment