Saturday, January 14, 2017

СОЦИОЛОГИЧ ЧЭЗАРЭ ЛОМБРОЗО

Чэзарэ Ломброзо
Итали хэлнээ: Cesare Lombroso
Чэзарэ Ломброзо
1900 оны зураг
Мэндэлсэн он:
1835 оны 11-р сарын 6
Мэндэлсэн газар:
Австрийн эзэнт гүрэн Верон хот
Бие барсан он:
1909 оны 10-р сарын 19 (73 нас)
Бие барсан газар:
Итали улс Турин хот
Харъяалал:
Италийн эзэнт улс
Мэдлэгийн хүрээ:
Криминологи, сэтгэц оношилгоо
Нэрд гарсан шавь нар:
Олонд танигдсан:
Гарын дардас:
Эд мөрийн баримт судлал дахь антропологийн дэг сургуулийг хөгжүүлэгч

ЛОМБРОЗО ЧЕЗАРЕ (LOMBROSO CESARE)- нь Италийн алдарт сэтгэл зүйч бөгөөд 1835-1909 онуудын хооронд амьдарч байсан болно.
Ломброзо 1835 оны арваннэгдүгээр сарын 6-нд Верон хотноо чинээлэг еврей хүний гэрт мэндэлсэн байна. Түүний эцэг Аронне Ломброзо Верон хотын худалдаачин байсан бол эх Зефори Ливе Турин хотын ойролцоо орших тосгоноос гаралтай нэгэн байв. Падуи, Вена, Парижийн их сургуулиудад утга зохиол, хэл шинжлэл, археологийн ухаанууд судалсан боловч төлөвлөгөөгөө өөрчилж армид 1859 онд мэс засалчаар ажилласан. 1866 онд Павад уригдаж лекци уншсан ба сүүлд 1871 онд Пезаро дахь сэтгэл мэдрэлийн төвийг удирдах болсон юм. 1876 онд Турины их сургуульд шүүх эмнэлэгийн болон нийгмийн эмгэг судлалын профессор болсон байна. Мөн тэр ондоо “L’Uomo delinquente” (Гэмт хүн) нэртэй бүтээл гаргасан нь ихээхэн шуугиан дэгдээж, Итали хэл дээр таван удаа хэвлэгдэхийн зэрэгцээ Европын олон хэлнээ хөрвүүлэгдсэн байдаг.
Тэрээр 1862 оноос Павын их сургуулийн, 1896 оноос Турины их сургуулийн сэтгэц засал, эрүүгийн хүн судлалын ухааны профессороор ажиллажээ.
Италийн суут эрдэмтэн Ч. Ломброзо 1906 оны аравдугаар сарын 19-нд Турин хотноо 73 насандаа дүшидийн орноо морилжээ.
Пава болон Турины их сургуулийн сэтгэц заслын ухааны профессор тэрээр дэлхий дахинаа төрмөл гэмт хэрэгтний үзэл санаагаараа (concept of born criminal) ихээхэн нэр олсон байдаг. 1863 онд “Суутнууд ба ад зэтгэрийн донтонгууд” нэртэй бүтээл гаргасан нь дэлхий даяар томоохон шуугиан дэгдээжээ. Тэрээр хүн төрөлхтөний түүхэнд гарч асан агуу ухаантнуудын түүх намтарыг судлаад дараахь дүгнэлтүүдийг хийсэн байна. Үүнд:
·         Агуу хүмүүсийн ихэнхи нь үнэндээ өчүүхэн амьтад байсан. Тухайлбал Ампер 13 нас хүрч байж сая сайн математикч болсон, Паскаль 10 насандаа акустик онолыг гаргасан.
·         Суут ухаантан гэж нэрлэгдсэн хүмүүсийн олонхи нь хар тамхичин, адгийн архичингууд байв. Галлер их хэмжээгээр хар тамхи татдаг, харин Руссо кофены мангас байв.
·         Суутнууд гэж нэрлэгдсэн хүмүүс хэзээ ч нэг зүйл дээр төвлөрч ажиллаж байсангүй, байнгын хэрмэл амьдралтай байсан.
·         Тэд мэдлэгийн ганц төрлөөр хэзээ ч дагнаж байсангүй.
·         Бусдаас ямагт үзэл бодол, хувцаслалт, амьдралын хэв маягаараа ялгарахыг хичээдэг байсан.
·         Шашин шүтлэгийн онцгой ихээр үзэн ядаж түүнийг шорон гяндантай зүйрлэдэг байв.
·         Бичгийн болон хэл ярианы маш өндөр чадвартай байсан.
·         Зүүдэнд ихээхэн ач холбогдол өгдөг байсан.
Эндээс Ломброзо суутнууд бол галзуу өвчтөн, ад зэтгэрийн донтонгоос өөр хэн ч биш юм. Суу ухаан бол солирол мөн гэж үзсэн байна. 1876 онд “Гэмт хүн” нэртэй бүтээл гаргаж, түүндээ гэмт хэрэгтэн гэж хэн бэ гэсэн асуултанд хариулт олохыг хичээжээ. Удам сайт хүнээс хэзээ ч гэмт хэрэгтэн төрдөггүй, харин удам муу хүнээс хэзээ ч алдартан төрдөггүй. Гэмт хэрэгтний шинж хүнд удамшигдаж ирдэг. Өнөөгийн нийгэмд алаач, хулгайч, хүчирхийлэгч, луйварчин гэсэн дөрвөн хэв шинжийн гэмт хэрэгтэн байдаг гэжээ.
Мөн эмэгтэй хүний талаар нэлээд сонирхолтой санаа дэвшүүлсэн байдаг. Түүний үзлээр эмэгтэй хүний хамгийн гол зөн билиг нь үржих зөн юм. Эмэгтэй хүн эхээс төрөхдөө гэмт хэрэг өдүүлэх, янхандах, хайрлаж тачаадах гэсэн гурван үйлд сайн байхаар заяагдсан ажээ.
·         Хайрлаж тачаадах:
·         Амьтныг хайрлаж тачаадах:
·         Хүнийг хайрлаж тачаадах:
·         Янхандах:
·         Янхандалтын түүх:
·         Бүдүүлэг ард түмнүүдийн яхандалт, ичгүүр:
·         Түүхэн ард түмнүүдийн яхандалт:
·         Төрмөл яхандалт:
·         Тохиолдолын янхандалт:
·         Эмэгтэй хүний гэмт үйл:
·         Адгуус амьтны шинж бүхий эмэгтэй хүний гэмт үйл:
·         Бүдүүлэг ард түмний эмэгтэйчүүдийн яхандалт:
·         Төрмөл гэмт хэрэгтэн:
·         Тохиолдолын гэмт хэрэгтэн:
·         Шуналд хөтлөгдсөн гэмт хэрэгтэн:
·         Хүний амь бүрлээч бүгдээрээ эмэгтэй хүнтэй холбоотой байдаг.
Эмэгтэй хүн хүн төрөлхтөнд хойч үеэ үлдээхэд хэрэг болох адгуус бөгөөд тэдний үйлдэл ямагт гэмт хэргийн шинжийг агуулж байдаг. 
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд Ломброзо хүүхдийн бие хүний төлөвшилд хүмүүжил, сургалт бус, харин удамшил чухал гэж үзсэн байна. 
Бүтээлийн жагсаалт
·         Ricerche sul cretinismo in Lombardia, (1859)
·         Genio e follia, (1864)
·         Studi clinici sulle mallatie mentali (1865)
·         Sulla microcefala e sul cretinismo con applicazione alla medicina legale (1873)
·         L'uomo delinquente, (1876)
·         Considerazioni al processo Passannante, (1879)
·          L'amore nel suicidio e nel delitto, (1881)
·         L'uomo di genio in rapporto alla psichiatria, (1888, English translation, Man of Genius, London, 1891)
·         Sulla medicina legale del cadavere, (second edition, 1890)
·         Palimsesti del carcere, (1891)
·         Trattato della pellagra, (1892)
·         Le piщ recenti scoperte ed applicazioni della psichiatria ed antropologia criminale, (1894)
·         Gli anarchici, (1894)
·          L'antisemitismo e le scienze moderne, (1894)
·          Genio e degenerazione, (1897)
·          Les Conquкtes rйcentes de la psychiatrie, (1898)
·         Le crime; causes et remйdes, (1899, English translation, Crime, its Causes and Remedies, Boston, 1911)
·         Lezioni de medicina legale, (1900)
·          Delitti vecchi e delitti nuovi, (1902)
·         Ricerche sui fenomeni ipnotici e spiritic, (1909). He began to believe in the supernatural.
·         L'opera di Cesare Lombroso nella scienza e nelle sue applicazioni, (Turin, 1906). Жич Ломброзогийн илтгэл, лекцийн эмхтгэл энэ нэрээр хэвлэгдсэн байна.
Англи хэл дээр хөрвүүлэгдсэн бүтээлүүд
·         (1891) The Man of Genius, Walter Scott.
·          With William Ferrero (1895) The Female Offender, D. Appleton & Company. Littleton, Colorado: Fred Rothman, (1980).
·         Criminal Woman, the Prostitute, and the Normal Woman, Duke University Press, 2003.
·         (1909) After Death - What?, Small, Maynard & Company.
·         (1911) Crime: Its Causes and Remedies, Little, Brown, and Company.
·         With Gina Lombroso-Ferrero (1911) Criminal Man, According to the Classification of Cesare Lombroso. New York: Putnam; (1972) Montclair, N.J.: Patterson Smith.
·          (2004). The Criminal Anthropological Writings of Cesare Lombroso, Edwin Mellen Press.

МОНГОЛ ХЭЛНЭЭ ХӨРВҮҮЛСЭН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР

СОЦИОЛОГИЧ ОТТО ГЕОРГ АММОН

Отто Георг Аммон
Otto Ammon
Үйл ажиллагааны төрөл:
Евгеникч, Социологич, Хүн судлалын эрдэмтэн
Мэндэлсэн газар :
Карлсруэ хот
Харъяалал :
Герман улс
Бие барсан он :
1916 оны нэгдүгээр сарын 14 (73 нас)
Бие барсан газар :
Карлсруэ хот
Отто Георг Аммон (Герман хэлнээ: Otto Ammon; 1842—1916 он) — болбоос Германы цолгорсон социологич бөгөөд 1893 онд гаргасан “Хүмүүсийн доторх байгалийн шалгарал” (Natьrliche Auslese beim Menschen), 1895 онд олон нийтэд танилцуулсан “Нийгмийн байгуулал, түүний байгалийн үндэслэгээ” (Gesellschaftsordnung und ihre natьrliche) зэрэг бүтээлээрээ нэрд гарсан нэгэн болно.
Цэдиг намтар
Отто Георг Аммон 1842 оны 12-р сарын 7-нд Карлсруэ хотноо мэндэлсэн байна.
Хүүхэд ахуй үед нь Оттогийн тооны гоц авъяас илэрсэн байдаг. Төрөлх хотынхоо Техникийн Дээд Сургуулийг дүүргэснийхээ дараагаар 1863-1868 он хүртэл Аммон төмөр замд инженерээр ажиллажээ. Дараагаар нь “Констанцер Цайтунг” сонины редактораар ажиллаж, либерал чиг хандлага бүхий нийтлэл гаргах болжээ.
Харамсалтай нь, хүнд өвчний улмаас редакторын ажлаа орхиж, 1883 онд Констанц хотоос төрөлх Карлсруэ хотноо дөрвөн хүүхэд, эхнэрийн хамт нүүж ирсэн байна. Энд тэрээр орон нутгийнхаа хуучнаа дээдлэгч нийгэмлэгийн гишүүн болж, улмаар “Баденчуудын хүн ам зүйн хэмжүүрийн тухай” (“Zur Anthropologie der Badener” 1899) бүтээлээ бичиж эхэлсэн байна.
Уг бүтээл Аммоныг дэлхий дахинаа алдаршуулжээ. Аммон 30 мянган оюутны тархины багтаамжийг хэмжиж үзсэний эцэст Баден хотын хүн амыг долихоцефаль (урт толгойтон), мизохицефаль (дундаж толгойтон), брахицефаль (хавчиг толгойтон) гэсэн гурван давхаргад ангилсан байдаг. Гадаадын арван нэгэн хэл мэддэг байсан нь түүнийг дэлхий дахины соёлтой хангалттай түвшинд танилцахад томоохон хөшүүрэг болж өгчээ.
Отто Аммон либерал үзэл санаанаас татгалзаж, ардчилсан социалист үзэл санааг шүүмжлэх болсон бөгөөд улмаар үүний илрэл болгож, 1891 онд “Хүн судлалын торх” зохиолоо “Ардчилсан социализмын эсрэг дарвинизм” (“Darwinismus gegen die Sozialdemokratie”) гарчигтайгаар нийтлүүлжээ. Социал дарвинизмийн сургаалыг хөгжүүлэгч тэрээр ардчилсан социализм нь мөн чанарын хувьд нийгмийн шалгаралын хүрээн дэх оршин байхын төлөөх тэмцлийн онолтой зөрчилддөг гэжээ.
Францын нэрт социологич Жорж Ваше де Лапуж-ийн нэгэн адил Аммон хүмүүсийг тэдний авъяас чадвар дээр нь тулгуурлан дараах дөрвөн ангид хуваасан байна.
“Эхний ангид нээлт хийгчид, зураачид, хүн төрөлхтөнийг хөтлөн манлайлагчид багтана. Эдгээр хүмүүс нь дундаас дээш түвшний оюун ухаантай байх бөгөөд эцэх цуцахыг үл мэдэх аймшиггүй зоригтонгууд байдаг ба амьдрал дээр өөрсдийгөө бүрэн нээж чаддаггүй байна... хүн төрөлхтөний бүхий л дэвшил хөгжил тэдэнтэй холбоотой. Хоёр дахь ангийн хүмүүс-бүтээлч сэтгэлгээ байхгүй боловч бусдын үзэл санааг сайжруулах, дахин боловсруулах хосгүй чадвартай ухаантнууд байдаг. Энэ хоёр анги нь түүхийн туршид байнга нэг нэгнээ нөхсөөр ирсэн. Гурав дахь ангид дундаж болон түүнээс доогуур оюун ухаантай хүмүүс багтдаг. Тэднийг Гальтон “сүргийн оюун ухаантай хүмүүс” хэмээн онож нэрлэсэн байна. Тэд суралцаж чадах ч өөрийн гэсэн бодол санаа байдаггүй, бусдын ямагт аяалдан дагах аж. Өөрсдөө бие даан үзэл санаа хөгжүүлж чаддаггүй учир шинэ юм бүхнийг эсэргүүцэх хандлага гаргадаг. Тэд ертөнцөд туйлын үнэн байх бөгөөд түүнийг баримтлах хэрэгтэй гэж үздэг. Дөрөв дэх ангийн хүмүүс өөрийн гэсэн үзэл санаа бий болгодоггүй, бусдын үзэл санааг хөгжүүлэх чадваргүй сул дорой мөн чанартай” гэжээ.
Отто Аммон Германы Социал-Демократ Намын удирдагчдыг, ялангуяа Август Бебелийг шүүмжилсэн байдаг.
“Бебель бүх хүнтэй адил тэгш хандах хэрэгтэй. Хүн ямар авъяас чадвар билэг ухаантай байх хамаагүй гэж байна.... Яагаад бид ямар нэгэн байгалийн ургаш муутай бүтээл бий болсны төлөө хэн нэгнийг шагнаж бас шийтгэх ёстой юм бэ? Ингэхлээр хүмүүсийн дунд өрсөлдөөн шалгарал үгүй болж Дарвины онол ач холбогдолоо алдана гэсэн үг үү? Энэ бол Бебелийн бодсончлон хүн төрөлхтөний хувьд дэвшил авчрах бус, харин ухралтыг бий болгоно” гэжээ.
Аммон хүмүүсийг адил тэгш эрхтэй гэж үзэх биологийн ямар ч үндэслэл байхгүй гэсэн байдаг. Мөн тэрээр цэцэглэн хөгжиж асан эртний Грек-Ромын соёл уналтанд орох болсон гол шалтгаан нь хүн амын элит хэсэг доод хэсэгтэйгээ цус ойртож холилдсон явдал гэжээ.
Отто XIX зууны сүүл үе гэхэд “Герман улсад гүн цэнхэр нүдтэй, цайвар шар үстэй долихоцефал иргэд хүн амын үлэмж бага хувийг эзлэх болсон бөгөөд Баденд л гэхэд ердөө 1,2%-ийг бүрдүүлж байна” гэжээ. Эндээс тэрээр “Бид Германчууд биш” гэсэн түүхэн дүгнэлтээ хийсэн байна.
Германы алдарт философич, социологич, нийтлэлч Людовиг Вольтман Отто Аммоныг “хөрөнгөтний дарвинист үзэлтэн”, “шог антропологич” хэмээн нэрлэсэн байдаг. Вольтманы “Улс төрийн антропологи” ном гарсны дараа Аммон түүний бүтээлийг маш өндрөөр үнэлсэн байна. Харин Вольтман хариу захидал бичсэн бөгөөд насны сүүл хүртлээ сайхан найзууд байсан гэдэг.
1904 онд Фрайбургийн их сургууль Отто Георг Аммонд хүндэт доктор цол хүртээсэн байна. Тэрээр 1916 оны нэгдүгээр сарын 14-нд Карлсруэ хотноо бие баржээ.
Бүтээлийн жагсаалт
·         «Anthropologische Untersuchungen der Wehrpflichtigen in Baden» (1890);
·         «Darwinismus gegen die Sozialdemokratie» (1891);
·         «Natьrliche Auslese bei Menschen» (1893);
·         «Bedeutung des Bauernstandes» (1894);
·         «Gesellschaftsordnung und ihre natьrliche Grundlagen» (1895;);
·         «Zur Anthropologie der Badener» (1899)

МОНГОЛ ХЭЛНЭЭ ХӨРВҮҮЛСЭН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР

ӨРНӨ ДАХИНЫ НЭР НЭНДСЭН СОЦИОЛОГИЧ ИДА БЭЛЛ УЭЛЛС-БАРНЭТТ (IDA BELL WELLS-BARNETT)

Ида Бэлл Уэллс-Барнэтт
Үйл ажиллагааны төрөл:
Сэтгүүлч, социологич
Мэндэлсэн он:
1862 оны долдугаар сарын 16
Мэндэлсэн газар:
АНУ, Миссипи, Маршалл, Спрингс
Харьяалал:
Америкийн Нэгдсэн Улс 
Бие барсан он:
1931 оны гуравдугаар сарын 25 (68 насандаа)
Бие барсан газар:
АНУ, Иллинойс, Кук, Чикаго хот
Ида Бэлл Уэллс-Барнэтт (Англи хэлнээ: Ida Bell Wells-Barnett; 1862 оны долдугаар сарын 16 — 1931 оны гуравдугаар сарын 25) нь дэлхий дахинаа Ида Б. Уэлс нэрээр ихэд алдаршсан бөгөөд африк гаралтай америкийн сэтгүүлч, соён гэгээрүүлэгч, социологич, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, суфражист хөдөлгөөний томоохон төлөөлөгчдийн нэг болно.
Ерөнхийлөгч Авраам Линкольн боолчлолыг халах тунхаг гаргахаас хэдхэн сарын өмнө 1862 оны долдугаар сарын 16 нд Жамэс Уэллс, Елизавэтт “Исси Бэлл” Уаррэнтон нарын гэрт найман хүүхдийнх нь нэг болж мэндэлсэн. Эцэг Жамэс Уэллс төмрийн дархан хийхийн зэрэгцээ улс төрийн амьдралд ихээхэн сонирхолтой нэгэн байсан гэдэг. Харин эх нь шашны гүн итгэл бишрэлтэй хүн байжээ.
Ида 1884 оноос төмөр замын компанийн эсрэг ширүүн тэмцэл өрнүүлэх болсон. Хар арьстнуудыг АНУ-д дур зоргоороо хөнөөх, яллах нь цагаан арьстнуудын үздэг шиг гэмт хэрэгтнүүдийг залхааж буй хэрэг огтоос биш бөгөөд харин ч хар арьстнуудын хөдөлмөрийг шулан мөлжих, чанга хатуу гараар хянахад чиглэгдэж байна хэмээн үзжээ. Энэ бусармаг үзэгдэлтэй тэмцэхэд олон нийтийн анхаарлыг татах зорилгоор  Southern Horrors, The Red Record  гэх хоёр бүтээл нийтлүүлсэн байна. Тэрээр 1909 онд Өнгөт Арьстанд Дэмжлэг Үзүүлэх Үндэсний Холбоог үүсгэн байгуулжээ.
Бага сургуульд багшилдаг байсан Ида Бэлл Барнэтт-Уэллс нөлөө бүхий байгууллагын дэмжлэгт дулдуйдан эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэх болжээ. Цагаан арьст эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч Фрэнсис Уиллард авхайтай үзэл бодлын зөрчилтэй байсан бөгөөд эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэлд арьсны асуудал онцын ач холбогдолгүй хэмээн үзэж байв. Өөрөөр хэлбэл, Ида Бэлл Барнэтт-Уэллсийн хувьд хар, шар, цагаан гэлтгүй бүх эмэгтэйчүүдийг эрх чөлөөнд дөтлөх, ажиллах, хөдөлмөрлөх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хангах явдал туйлын чухал байв. Туршлагатай уран илтгэгч нэгэн байсны хувьд дэлхийн олон орноор аяласан байдаг. Тухайлбал, Европт 1893, 1894 онуудад хоёр удаа очиж, өөрийн үзэл санааг олонд таниулсан байна.
Сэтгүүлчийн хувьд тэрээр дахин давтагдашгүй нэгэн байв. Бага залуу наснаасаа сонинд нийтлэл бичих болжээ. Зарим мэдээнээс үзэхэд, The Living Way сэтгүүлд “Лола” гэх нууц нэр ашиглаж, арьсны үзэл санааг шүүмжилсэн нийтлэлүүд бичих болжээ.
Үзэл санааны хувьд Ида ихээхэн дэвшилтэт нэгэн байв. Хүн хүнээ мөлжих, дордчлох явдал бол бурангуй нийгмийн шинж мөн. Тиймээс ийм үзэгдэлтэй хэрхэвч эвлэрч болохгүй. Үүний зэрэгцээ хар, цагаан, шар байх хамаагүй бүх хүн адил. Эрэгтэй, эмэгтэй хүн ч эрх тэгш байх ёстой. Хэрэв энэ байдал хангагдаж чадвал нийгмийн хөгжил урагшилна. Хүн хүнээ энэрч хайрлах, дэмжиж туслах нь гагцхүү хүнд л байх хамгийн чухал чанар юм. Үүгээрээ хүн бусад амьтдаас ялгаатай. Ида авхайн энэ санаанд түүний эхийн шашинлаг үзэл санаа гүн шингэсэн байдаг. Хэдийгээр системтэй боловсрол олж чадаагүй ч Идагийн социологийн ухаанд оруулсан хувь нэмрийг олон эрдэмтэд өндрөөр үнэлсэн байдаг. Түүний үзэл санаа, сургаал номлолыг судлах ажил эхлэлийн төдий байгаа ч цаашид улам бүр батжин бэхжинэ гэдэгт хомс хүн итгэлтэй байна. Олон олон бичвэрийн өмнөтгөл болгож цэглэв.

БЭЛТГЭСЭН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Wednesday, January 11, 2017

ШАРЛОТТА ПЭРКИНС ГИЛМАН

Социологийн шинжлэх ухааны хөгжлийн эхэн үед уг мэдлэгийн төрлийн төлөвшлийг их төлөв эрэгтэй социологичидтой холбон үздэг байв. Гэтэл уг хандлага социологийн ухааны өрнөлд томоохон нөлөө үзүүлсэн эмэгтэй судлаачдын бүтээл, үзэл санааг судлах, үнэлж дүгнэхэд томоохон саад тээг болж байсан юм. Тухайлбал, саяхныг хүртэл О. Контын үндэслэсэн гэж үздэг байсан шинжлэх ухааныг Харриэт Мартинуа хөгжүүлсэн гэдгийг нотлох жишээтэй. Социологийн ухааны түрүү үеийн хөгжилд үлэмжхэн нөлөө үзүүлсэн томоохон эрдэмтдийн нэг нь Америкийн социологич Шарлотта Пэркинс Гилман билээ.
Шарлотта Пэркинс Гилман (Англи хэлнээ: Charlotte Perkins Gilman, /ˈɡɪlmən/; 1860 оны долдугаар сарын 3 — 1935 оны наймдугаар сарын 17) — болбоос Америкийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, социологич, яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч, утга зохиол шүүмжлэгч, багш, нийгмийн шинэчлэлийн үзэл санааг хөгжүүлэгч нэгэн юм. Гилман эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөний үндэс суурийг тавигч бөгөөд дэвшилтэт үзэл санаа бүхий олон арван бүтээл туурвижээ. «Шар тууз» нэрт зохиолоо Шарлотта Гилман ухаан мунхарах өвчнөө ялан дийлэх явцдаа бичсэн түүхтэй.
Цадаг намтар
Гилман 1860 оны долдугаар сарын 3 нд Америкийн Коннэктикут муж улсын Хартфорд хотноо Мэри Пэркинс (Мэри Фитч Уэсткотт), Фрэдэрик Бичэр Пэркинс нарын гэрт мэндэлсэн гэдэг. Гилманаас гадна, тэднийх Томас Эди нэрт хүүтэй байжээ. Эрүүл мэндийн байдал дордсон тул эмч нар Мэрид дахин хүүхэд төрүүлэхгүй байхыг зөвлөсөн байна. Үүний дараа Фэдэрик гэр бүлээ орхиж, ядуу зүдүү байдалд үлдээжээ. Мэри гэр бүлээ өөд татахын тулд бүхий л хүчээ дайчилж, суфражист хөдөлгөөний зүтгэлтэн Изабэлла Бичэр Хукэр, үргэлжилсэн үгийн зохиолч Харриэт Бичэр Стоу, сурган хүмүүжүүлэгч Кэтрин Бичэр нарын тусламжид түшиглэх болсон байна.
Шарлотта таван наснаас эхлэн бичиг үсэг гадарлах болсон ч өвчин ээрэмтгий нэгэн байжээ. Тиймдээ бусад хүүхэдтэй тоглохыг урьтал болгодоггүй, утга, уран зохиол шимтэн сонирхох болжээ. Бага насаа ганцаардмал, ядуу зүдүү байдалд өнгөрөөсөн ч нийтийн номын санд зочилж, эртний соёл иргэншил судлах болсон. Эцгийнх нь утга зохиолд дуртай байдал Шарлоттад хүчтэй нөлөөлсөн бөгөөд эцэг нь охиндоо хэрэгтэй гэсэн ном зохиолыг нь сэтгэл харамгүй олж өгдөг байв.
Гилман идэр насаа Род-Айлэнд дахь Провидэнсид өнгөрөөсөн юм. Найз нар нь ихэнхдээ эрэгтэйчүүд байсан учир “дүрсгүй жаал” гэсэн хочтой хоцорчээ. Нийтдээ 7 сургуульд шилжин суралцсан ч 15 насандаа төгсч чадсан юм. Төрөлхийн ухаалаг, тал бүрийн мэдлэгтэй нэгэн учир багш нартаа ихэд үнэлэгдэх болжээ. Шарлоттагийн дуртай хичээл нь байгалийн философи, тэр дундаа физик байлаа. 18 насандаа эцгийн дэмжлэгтэйгээр дизайны сургуульд элсч орсон байна. 1884 онд зураач Чарльз Уолтэр Стэтсонтой ураглаж, жилийн дараа Кэтрин Бичэр Стэтсон нэрт охинтой болжээ. Гэвч төрөлтийн дараах ухаан мунхарах өвчинд нэрвэгдэж, багагүй зовлон амссан гэдэг.
Сэтгэл санаа таарамж муутай байсан учир 1888 онд нөхрөөсөө холдож, 1894 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан байна. Улмаар Калифорни муж улсын Пасадэн хотноо суурьшиж, орон нутгийн сонины ерөнхий шүүдэглэгчээр ажиллахын зэрэгцээ эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэлд идэвхийлэн оролцох болжээ. Судлаачдын үзсэнээр, энэ үеэс эхлэн түүний үзэл санааны ерөнхий өнгө, төрх бүрэлдсэн байна. Гэхдээ түүнийг эмэгтэйчүүдийн эрхийг догмчлон шүтэгч нэгэн гэж хараахан үзэж болохгүй юм. Учир нь, тэрээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэн нэгнээсээ давуулаг бус, гагцхүү эрх тэгш байх хэрэгтэй гэсэн санааг сурталчилж байлаа. Үүнийгээ ч өөрийн амьдралд хэрэгжүүлэхийг зорьсон байдаг.
Эхийгээ бие барсны сүүлээр Шарлотта өөрийн үеэл ах Уолл-Стрит Хоутон Гилмантай харилцаа тогтоож, улмаар түүнд сэтгэл алдарчээ. 1900 онд ураглаж, 1922 он хүртэл Нью-Йорк хотноо хамт амьдарчээ. Харамсалтай нь, Хоутон 1934 онд тархины цусан хангамж дутмагших өвчнөөс болж зуурдаар бие барсан юм. Харин Шарлотта 1932 оны нэгдүгээр сард хөхний хорт хавдар тусч, 1935 оны наймдугаар сарын 17 нд 75 насандаа амиа егүүтгэжээ.  
Нийгэм, улс төрийн хувьд Шарлотта Гилман гойд дэвшилтэт нэгэн байв. Пасадэнд байхдаа нийгмийн шинэчлэлийн үйл явцад идэвхтэй оролцох болжээ. Калифорни муж улсаас төлөөлөгчөөр сонгогдон 1896 онд Вашигтонд Сонгуулийн Эрхийн Хорооны бүрэлдэхүүнд орж ажилласан байна. Үүнээс гадна, 1890 оноос эхлэн “Капиталист нийгмийн зөрчлийг арилгаж, энхийн эрхэмлэсэн, ёс суртахуунт, дэвшилтэт хүн төрөлхтөнийг бий болгох” зорилго бүхий үндэсний клубуудын үйл ажиллагаанд оролцох болсон.
Шарлотта Гилманы нийгэм, улс төрийн онол
Юуны түрүүнд, гэр бүлийн хүрээнд эцгээ хүндлэх хуучинсаг хандлага давамгайлах болсноос үүдэн эмэгтэйчүүд дарлагдаж байгааг нээн илэрүүлэхийг зорьсон учир Гилман өөрийн онолыг хүмүүнлэг гэж тодорхойлжээ. Гилман Английн ургамал судлаач Ч. Дарвины нийгмийн шалгарлын онолыг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Шинэчлэх шаардлага онолыг бүхэлд нь нэгэн байгууламж гэж үзвэл үндсэндээ эрчүүдийн талд давуулаг байдлаар үйлчлэхэд зориулагдсанд оршино. Тиймээс хэзээ ямагт эрчүүдийн сайн хамтрагч, туслагч байсаар ирсэн эмэгтэйчүүдийн байр суурийг нийгмийн шалгарлын онолд баталгаажуулах ёстой.
Эрэгтэй хүний дээрэнгүй зан, эмэгтэйчүүдийн илүү хариуцлага хүлээх байдал зохиомол зүйл бөгөөд зүй ёсны шинжтэй биш юм. “Эмэгтэй оюун ухаан гэж байдаггүй. Ерөөсөө уураг тархи хүйсийн шинжтэй эрхтэн биш юм” хэмээн Гилман бичжээ.
Түүний онолын гол үндэслэгээ секс, гэр бүлийн аж ахуйтай холбоотойгоор гарч ирдэг. Юуны түрүүнд, эмэгтэйчүүд эрчүүдийг гэр бүлээ ивээн тэтгэдэг болгоход сексийн чадвараа ашиглах хэрэгтэй. Эмэгтэйчүүдэд тусгай хувцас бэлтгэн өгч, тусгай тоглоомоор тоглуулж өсгөдөг. Энэ бол буруу. Тэднийг ялгаврлан, гадуурхах, дордчлон үзэхийн чухам шалтгаан үүнээс эхтэй. Хэрэв эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх, үүргийн ялгаварт харьцааг үгүй хийе гэж бодож байгаа бол тэдний хүмүүжлийн ялгааг арилгах хэрэгтэй. Тэр ч байтугай, эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаварт хувцас хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай. Хүн төрөлхтөний түүхэнд эмэгтэйчүүдийг дордчилж үзэхийн цаад үндэс нь олон зуунаар хэвшин тогтсон эцгийн эрхт ёс юм. Энэ ёсны гарцаагүй үр дүн нь эмэгтэйчүүд төгөлдөр бус бөгөөд эрчүүдийн ачаар чанагшлах боломжтой гэх үзэл санаа болно.
Эрчүүдээс эмэгтэй хүн эдийн засгийн хувьд хараат бус байх нь эрх чөлөө олох хамгийн үр дүнтэй, найдвартай арга гэдгийг Шарлотта Гилман онцолсон. 1898 онд бичсэн «Women and Economics» бүтээл нь дээрх санааг хөгжүүлэхэд зориулагдсан байна. Эмэгтэйчүүд гэр бүлээс гадуур ажил хийх, үр хүүхдээ өсгөх, хоол хүнсээ бэлтгэхэд эрх тэгш оролцох зэрэг нь чухамдаа бол эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдалтай шууд холбогдоно.
Гилманы онолд шинэчлэлийн тулгуур төв нь цалин хөлс, ажил хөдөлмөр, гэр бүл болж байв. Гэрийн ажлыг эр, эм ялгалгүй харилцан адил хуваарилж хийвээс сая болох. Гэр бүлээс гадуур нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх санааг Шарлотта Гилман «The Home» (1903 он), «Human Work» (1904 он),  «The Man-Made World» (1911 он) зэрэг бүтээлүүддээ дурдсан байна.
Энэ бүхнээс үзэхэд Гилман гэр бүлийг нийгмийн хувьд шинэтгэн сайжруулах нь чухал гэж онцолсон нь харагдаж байна. Гэхдээ аль нэг талд нь давуулаг эрх олгох юм уу үүрэг хүлээлгэхийг урьтал болгосонгүй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтран, эрх чөлөөтэйгээр амьдралаа босгох тийм нийгмийн орчин бүрдүүлэхийг чухалчилжээ.  
Зөвхөн эр, эмийн харилцаан дээр гэр бүл тогтдоггүй. Үр хүүхэд, хамаатан саднаа ч мөн адил хамруулан ойлгох хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэг нэгнээсээ эдийн засгийн хувьд хараат байж болохгүй. Хэрэв ийм байдал үүсвэл гэр бүлийн харилцаанд тэгш бус байдал үүсдэг. Тиймээс хүн бүр эдийн засгийн хувьд хараат бус байж, чөлөөт сонголт хийх тэр л орчинг бүрдүүлэх нь нийгмийн амьдралын үндсэн зарчим юм гэж Гилман үзсэн байна. Түүний үндсэн санаа нь эдийн засгийн болон сексийн хараат бус байдлыг бий болгох замаар хүйсийн эрх тэгш орчинг хангахад оршиж байв.
Гэхдээ Гилманы бүтээлд нэг анхаарал татсан асуудал байдаг нь арьсны үзэл санаа юм. Хар арьстнууд ямар ч тохиолдолд цагаан арьстнаа бодвол чадамжын хувьд дутмагших хандлагатай байдаг. Тиймээс цагаан арьстанд илүү эрх эдлүүлж, үүрэг хүлээлгэх, хар арьстнуудад харьцангуй бага эрх, үүрэг оногдуулах хэрэгтэй гэсэн санааг тэрээр гаргасан байна.
ТОЛМОЧЛОН БУУЛГАСАН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР