Wednesday, June 28, 2017

АВСТРИЙН СОЦИОЛОГИЧ ГУСТАВ РАТЦЕНХОФЕР

(1842-1904 он) – Австрийн цэргийн онолч, социологи дахь социал-дарвинизмын урсгалын томоохон төлөөлөгчдийн нэг.
Ратценхофер – “Улс төрийн бодлогын мөн чанар, зорилго” (1893 он), “Социологи танин мэдэхүй” (1898 он), “Социологи. Хүний харилцааны позитив сургаал” (1907 он) зэрэг номын зохиогч юм.
Ратценхоферийн үзсэнээр, социологи нь нийгмийн хамгийн ерөнхий, түгээмэл зүй тогтлыг танин мэдэх нийгмийн шинжлэх ухаануудын үндэс болох философи мэдлэгийн бүрэлдэхүүн хэсэг юм. Нийгмийн амьдралын үндсэн үзэгдэл, үйл явцад дараах зүйл багтана. Үүнд: хүн үржиж олшрох, өөрсдийгөө хамгаалах, хувь хүний болон нийгмийн хэв шинжүүд өөрчлөгдөх, оршин байхын төлөө тэмцэл өрнөх, арьстнуудын хоорондын дайсагнал явагдах, арьстнуудын ялгаварт байдал бий болох, орон зайн байршил, захирах, захирагдах ёс тогтох, нийгэмшилт, ашиг сонирхлын хувьсал, төр улс, дэлхийн хамтын нийгэмлэг зэрэг болно.
Мөн чанарын шинжлэх ухаан, оюун санааны шинжлэх ухааныг сөргүүлэн авч үзэх хандлагыг шүүмжилж нийгмийн зүй тогтол химийн, тэр дундаа биологийн зүй тогтолтой төстэй болохыг Ратценхофер онцолсон байна. Социологийн үндсэн зорилго нь байгаль, нийгмийн бүхий л үзэгдэлд байх туйлын хүч болсон “анхдагч өдөөгч”, “дотоод сонирхол”-ыг судлах, тодорхойлоход оршино.
Социал-дарвинизмын урсгалын томоохон төлөөлөгчдийн нэг учир Ратценхофер “дотоод сонирхол”-ыг оршин байхын төлөөх тэмцлийг нөхцөлдүүлэгч хүч, нийгмийн үйл явц, ухамсарыг зохицуулагч хүчин зүйл хэмээн тодорхойлсон байна.
Ратценхоферийн социологи сургаалын үндсэн хэсэг нь ашиг сонирхлын зөрчилдөөний үзэл баримтлал юм. Нийгмийн үйл явцын зөрчилдөөнт мөн чанарын талаарх Гумпловичийн үзэл санааг хүлээн зөвшөөрч нийгмийн амьдрал хувь хүн, нийгмийн бүлгүүдийн зөрчилдөөнт ашиг сонирхлын сөргөлдөөнд суурилдаг болохыг онцолсон. Түүний үзсэнээр, хүний ашиг сонирхол дараах таван хэв шинжтэй байна. Үүнд: прокреатив ашиг сонирхол (Үр удмаа үлдээх ашиг сонирхол), физиологи ашиг сонирхол (Хоол тэжээл олох), хувь хүний ашиг сонирхол (Өөртэйгээ ижил бусдад хүндлэгдэх, өөрийгөө хүндлүүлэх сонирхол), нийгмийн ашиг сонирхол (Гэр бүлийн болон бүлгийн сонирхол), трансцендент ашиг сонирхол (Итгэл бишрэл, шашин, шүтлэгийн сонирхол) зэрэг орно.
Нийгмийн зөрчил, мөргөлдөөнд туйлын, үнэмлэхүй утга дайлгаж асан Гумпловичоос ялгаатай нь, Ратценхофер нийгмийн амьдрал дахь зөрчил мөргөлдөөн, ашиг сонирхлын тогтолцоонд нийцтэй утга байж болно гэсэн санааг гаргасан байдаг. Зөрчил мөргөлдөөн анхдагч бөгөөд түгээмэл зүй тогтолтойг хүлээн зөвшөөрч байсан ч үүнийхээ зэрэгцээ зөрчил мөргөлдөөнд байх өөрийгөө бусниулагч, хөнөөгч шинжид тодорхой анхаарал хандуулсан байна. Түүний үзсэнээр, нийгмийн зөрчил, мөргөлдөөнийг даван туулах хамгийн боломжит, үр дүнтэй арга нь хүмүүсийн хамтын ажиллагаа юм. “Нийгмийн болон хувийн эрх ашгийг харилцан уялдуулах замаар” хамтын ажиллагаанд хүрч болох бөгөөд энэ үйл явцыг тэрээр социологийн тулгуур зүй тогтол хэмээн онцолсон байдаг. Ратценхоферийн хөгжүүлсэн нийгмийн зөрчил, мөргөлдөөнийг зохицуулах боломжийн талаарх үзэл санаа XX зууны Өрнө Дахины социологи сэтгэлгээний хөгжилд хүчтэй нөлөөлөл үзүүлсэн байдаг.
Оршин байхын төлөөх тэмцлийн онолыг цогц байдлаар боловсруулсан нь социологийн ухаанд оруулсан Ратценхоферийн чухал гавья гэдгийг олон судлаачид дурдсан байдаг. Энэ бүхнээс гадна, тэгш байдал, эрх чөлөө, интернационализм бол хэзээ ч үл хэрэгжих нийгмийн гаж мөрөөдөл гэдгийг Ратценхофер бүтээлдээ гаргасан. Хүчирхийлэл, захирах, захирагдах ёсны тухай, нийгмийн хөгжил арьстнуудын тэмцэл болох тухай, дайн нийгмийн хөгжлийн хэлбэр болох тухай Ратценхоферийн санаа геополитик гэх мэдлэгийн төрөл үүсч, хөгжихөд үлэмжхэн нөлөөлөл үзүүлсэн байдаг. Зарим талаар Густав Ратценхоферийн сургаалыг Германы нацизмийн үзэл суртал гэж үзэх хандлага байдгийг онцлох байна.

Бэлтгэсэн: Улс төр судлаач Нямаагийн ОТГОНБАЯР 

No comments:

Post a Comment