Wednesday, January 18, 2017

ГЕРМАНЫ ГЕОПОЛИТИКЧ ИОХАН РУДОЛЬФ ЧЭЛЛЕН

Рудольф Чэллен
Швед хэлнээ:  Rudolf Kjellén
Мэндэлсэн он:
1864 оны зургаадугаар сарын 13
Мэндэлсэн газар:
Швед-Норвегийн Нэгдсэн Холбооны Улс, Швед, Скараборг муж, Мариестад дахь Торсе
Бие барсан он:
1922 оны арваннэгдүгээр сарын 14 (58 насандаа)
Бие барсан газар:
Швед улс, Уппсала хот
Харьяалал:
Швед улс
Шинжлэх ухааны хүрээ:
Геополитикийн ухаан
Ажилласан газар:
Хетеборгийн болон Уппсалийн Их Сургууль
Альма-матэр:
Уппсалийн Их Сургууль
Иохан Рудольф Чэллен (Швед хэлнээ: Johan Rudolf Kjellén1864 оны зургаадугаар сарын 13, Торсе — 1922 оны арваннэгдүгээр сарын 14, Уппсала хот) — нь Шведийн нэр нэндсэн социологич, улс төр судлаач бөгөөд “геополитик” хэмээх ойлголтыг шинжлэх ухааны эргэлтэд оруулсан нэгэн билээ. Чэллен авгайн шинжлэх ухаанч үйл ажиллагаанд “улс төрийн газар зүйн” томоохон онолч, Германы эрдэмтэн Фридрих Ратцэл хүчтэй нөлөөлөл үзүүлсэн байдаг. Нэрт эрдэмтэн Чэлленийг Фридрих Ратцэл, Александр фон Хумбольдт, Карл Риттэр нарын зэрэгцээгээр Германы геополитик дэг сургуулийг үндэслэгчдийн нэг гэж зүй ёсоор тооцдог байна.
Цэдиг намтар
Чэллен 1864 оны зургаадугаар сарын 13 нд Шведийн Скараборг мужийн Торсе тосгонд санваартны гэрт мэндэлсэн. Скара дахь гимназийг төгсөөд 1878-1888 онуудад Уппсалийн Их Сургуульд хууль цаазын ухаанаар суралцсан байна. Улмаар 1890 онд хууль цаазын ухаанаар докторын зэрэг горилсон юм. Хетеборгийн Их Сургуульд 1901-1916 он хүртэл тасралтгүй ажилласан түүхтэй. Энэ бүхнээс гадна, 1905-1917 онуудад Шведийн хууль тогтоох хуралд сонгогдон ажиллахын зэрэгцээ 1916-1922 онуудад Уппсалийн Их Сургуульд багшилжээ. Хэдийгээр Чэллен Швед хүн байсан боловч үзэл бодлын хувьд Германы эрдэмтэн Ратцэлийн нөлөөн дор байж, нармай Герман онолыг сурталчилах болсон юм. Тиймдээ ч түүний бүтээлүүдэд Германы соёл, соёлын бүрдлийг сүслэх өнгө төрх нэвт шингэсэн байдаг.
Улс төрийн сургаал
Чэллен 1900 онд гаргасан “Шведийн газар зүйн ойллого бичиг”, 1916 онд олны хүртээл болгосон “Төр улс амьдралын хэлбэр болох нь” зэрэг зохиолууддаа геополитик хэмээх ойлголтыг анх тэргүүнээ шинжлэх ухааны хэрэглээнд нэвтрүүлжээ. Түүний үзсэнээр, геополитикийн талаас төр улсын байр суурьт нөлөөлөгч гурван хүчин зүйл байна. Тодруулан хэлбэл, үүнд газар нутгийн хэмжээ, нэгдмэл шинж чанар, улс орнуудтай харилцах газар зүйн онцлог ордог байна. Чэллений онол генерал Карл Хаусхоферын үзэл санаагаар дамжин хожмоо фюрер Адольф Хитлэрийн улс төрийн бодлогод тусгалаа олсон байдаг.
Дээр цухас дурдсан “Төр улс амьдралын хэлбэр болох нь” бүтээлдээ Ратцэлийн арга зүйд түшиглэн төр улсын талаарх органик онолыг хөгжүүлэхийг оролджээ.
Амьд организмийн нэгэн адил төр улс мэндлэх, өсч хөгжих, өтөлж хөгширөх гэсэн амьдралын мөчлөгүүдийг туулдаг байна. Энэ бүх амьдралын мөчлөгүүд оршин байх, тэсч үлдэх гэсэн ерөнхий, түгээмэл хууль, зүй тогтолд захирагдана. Төр улсын хувьд оршин байхын төлөөх тэмцэл амьдрах орон зайн төлөөх өрсөлдөөнөөр илрэн гардаг. «Орон зайн хувьд хязгаарлагдмал хүчирхэг улс ямар ч тохиолдолд булаан эзлэх, нэгтгэх, колончлох замаар газар нутгаа тэлэх гэсэн улс төрийн хүсэл сонирхлыг тээж байдаг. Бид үүнийг урьд цагийн Английн, өнөө цагийн Япон, Германы жишээнээс тодорхой харж болох билээ. Эндээс булаан эзлэх адын донг бус, өсч хөгжих, өндийн дээшлэх байгалийн жам ёсны хэрэгцээ, шаардлагыг мэдэрч болох байна» хэмээн Чэллен бичжээ.
Чэллен төр улсын бүхэллэг чанарын онолыг хөгжүүлсэн байна. Түүний үзсэнээр, төр улс ямар ч тохиолдолд дараах дөрвөн бүрдлийн зохист харилцааг өөрт бий болгохыг хичээх хэрэгтэй. Эдгээрт:
1.       Физик-газар зүйн орон зайн организм байх:
2.       Аж ахуйн тодорхой хэлбэрийг хөгжүүлэх:
3.       Угсаатны тодорхой нийтлэгийг бий болгох:
4.       Анги, давхаргын хооронд тодорхой хэмжээнд нийгмийн нэгдлийг төлөвшүүлэх:
5.       Үндсэн хуульт байгуулал, захиргааны бүтэц бүхий төрийн удирдлагын хэлбэрийг бүрдүүлэх зэрэг болно.
Хэрэв эдгээр таван бүрдлийн зохист харилцааг бий болгож чадвал улс орон цэцэглэн хөгжих болно гэсэн санааг гаргажээ. Төрийн бодлого 1. Аж ахуйн үйл ажиллагаа буюу экополитик: 2. Хүн амд чиглэсэн үйл ажиллагаа буюу демополитик: 3. Анги, бүлгүүдэд чиглэсэн үйл ажиллагаа буюу социополитик: 4. Төрийн алба, засаг захиргааны үйл ажиллагаа буюу кратаполитик гэсэн дөрвөн хүрээнд илэрдэг талаар Чэллен дурдсан байна.
Геополитикийн ухаанд Чэллен төрийн улсын автарки байдлын талаар шинэ санаа хөгжүүлсэн нь судлаачдын зүгээс өндөр үнэлэлт авчээ. Чэллений үзсэнээр, бусад улсын улс төрийн бодлого, үйл ажиллагаа, олон улсын харилцааны хүчний тэнцвэрээс хамаарч буй үед ямар ч төр улс аж ахуйн хувьд жинхэнэ утгаараа бие даан хөгжиж чадваргүй байдаг. Тиймээс улс орны аж ахуйн хөгжлийг хангахын тулд автарки буюу бусдаас тусгаарлагдмал байдал тодорхой хэмжээнд хэрэгтэй гэж сургасан.
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд Чэллен геополитик буюу орон зайд биелэлээ олсон амьд организм болох төр улсын тухай мэдлэгийг анхлан хөгжүүлжээ. Геополитик нь улс төрийн шинжлэх ухааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд социологийн ухаанаас салбарлан хөгжсөн талаар Чэллен бүтээлдээ дурдсан байна.
Чэллен олон улсын харилцааны талаар өөрийн гэсэн таамаглалыг бий болгожээ. Юуны түрүүнд, олон улсын харилцаанд нөлөөлөгч гүрнүүдийг хүчин чадлын хэмжүүрээр 1. Дэлхийн гүрэн: 2. Их гүрэн хэмээн хоёр төрөлд ангилсан. Англи, АНУ, Орос, Германыг дэлхийн гүрэн гэж үзсэн бол Франц, Япон, Австри-Унгарын эзэнт улс, Италийг их гүрэн хэмээн тодорхойлжээ. Англи, Франц улсыг доройтож буй, Герман, Японыг сэргэн мандаж буй гүрэн гэж үзжээ.  XX зууны дэлхийн хүчний чиг хандлагыг урьдчилан тодорхойлж, АНУ, Орос хоёр олон улсын харилцааны түвшинд ноёрхох болно гэж таамагласан нь бүрэн биелэлээ олсон юм.

БИЧВЭРИЙГ БЭЛТГЭСЭН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Sunday, January 15, 2017

ВИЛФРЭДО ПАРЭТОГИЙН ЭЛИТИЙН ОНОЛ

Вилфрэдо Парэто 1848 оны долдугаар сарын 15 нд Париж хотноо үзэл бодлын эрхээр цагаачилсан Генуя хотын маркизийн гэр бүлд мэндэлсэн. Харин эх нь Франц эмэгтэй байсан бөгөөд Парэто багаасаа итали болон франц хэлийг гаргууд сайн сурчээ. Хэдийгээр хоёр улсын хэл, соёлыг гадарлах болсон ч бүхий л амьдралынхаа туршид Парэто өөрийгөө итали хүн гэж үзсээр ирсэн байдаг. 1858 онд гэр бүлээрээ Итали улсад эргэн иржээ. Энд тэрээр техникийн болон хүмүүнлэгийн боловсрол эзэмшсэн байна. Ялангуяа математикийн ухааныг судлахад ихээхэн анхаарч байжээ. Турин хотноо политехникийн их сургуулийг дүүргээд “Хатуу биет дэх тэнцвэржилтийн суурь зарчмууд” сэдвээр докторын зэрэг горилсон байна. Хэдийгээр ямар сэдвээр хамгаалсан нь бичвэрт төдийлөн чухал биш ч тэнцвэржилтийн асуудал түүний нийгэм-эдийн засгийн онолд томоохон байр суурь эзэлдэгийг харуулж байна. Олон жилийн туршид төмөр замын болон металлургийн үйлдвэрт ажилласан.
90-ээд оноос улс төрд хөл тавьсан ч төдийлөн амжилт гаргаж чадаагүй билээ. Энэ үед тэрээр эх хэлнээ нийгэм, улс төрийн сонгодог бүтээлүүдийг утгачлахын ялдар олон нийтийн ажил эрхлэх болжээ. 90-ээд оны тэргүүн хагаст эдийн засгийн онолын чиглэлээр олон тооны судалгаа нийтлүүлжээ. 1893 онд Леон Вальрасыг орлож, Лозаннын их сургуулийн улс төр эдийн засгийн ухааны профессор болсон бөгөөд амьдралынхаа эцэс хүртэл тус сургуульд багшилжээ. Парэтогийн сүүлийн жилүүдэд Италид фашист дэглэм тогтсон юм. Энэ дэглэмийн зарим зүтгэлтнүүд, тэр дундаа дуче Б. Муссолини Парэтог багшаа гэж хүндлэх болжээ. Үүнтэй холбоотойгоор Парэтод 1923 онд насан туршийн сенатор цол хүртсэн байна. Хэдийгээр Парэто шинэ дэглэмийн дэмжлэгт болгоомжтой хандаж байсан боловч түүний амьдралд шинэ дэглэмийн зүгээс аюул учруулж байгаагүй юм. Парэто 1923 оны наймдугаар сарын 19 нд Швейцарьт бие баржээ.
Парэто юуны түрүүнд, эдийн засагч байсан юм. Тиймдээ ч түүний судалгаа ихэвчлэн эдийн засгийн асуудалд төвлөрч байв. Орлогын хуваарилалт, төгс бус өрсөлдөөнт зах зээл, эдийн засгийн загварчлалын асуудлыг хөндсөн байдаг. Гэвч аажмаар түүний судалгаанд хүний тухай ойлголт бий болсон юм. Хүний тухай рационал төсөөлөл нийгмийн бодит байдалтай олон талаар зөрчилдөж байсан тул илүү нарийн онол, үзэл баримтлал боловсруулахыг чармайж байв. «Улс төрийн эдийн засгийн лекцүүд» (1896-1897), «Социалист систем» (1902), «Улс төрийн эдийн засгийн сурах бичиг» (1906) зэрэг олон арван зохиол туурвисан байна. 1897 оноос Лозаннын их сургуульд социологийн ухаанаар лекц унших болсон ч эрүүл мэндийн байдлын улмаас энэ ажлаа орхисон түүхтэй.
В. Парэтогийн гол бүтээл нь - «Ерөнхий социологийн ойллого бичиг» бүтээл юм. Уг бүтээлийг 1907-1912 оны хооронд бичжээ. Итали хэлнээ анх 1916 онд  «Шашдир» нэртэйгээр хэвлэгдсэн бөгөөд франц хэлнээ 1917-1919 онуудад хөрвүүлэгджээ. Нийт 13 бүлэг, 2612 зүйл, 2000 орчим хуудас бүхий томоохон бүтээл болно. 
Засаглагч болон засаглагч бус элит
Парэтогийн үзсэнээр, хүмүүс бие махбод, оюун санаа, ёс суртахууны хувьд харилцан адилгүй байдаг. Тиймээс нийгмийн тэгш бус байдал зүй ёсны бөгөөд бодитой зүй тогтол юм. Өөрийн үйл ажиллагааны хүрээнд хамгийн өндөр үзүүлэлт бүхий тэр хүмүүс элитийг бүрдүүлнэ. Үйл ажиллагааны тодорхой хүрээ бүрт элит байна. Парэто элитийг улс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд шууд оролцох засаглагч элит, засаглагч бус элит гэсэн хоёр төрөлд ангилсан. Нийгмийн давхараажилт элит болон элит бус давхарга гэсэн хоёр хэсгээс бүрдэх пирамид хэлбэртэй. Дэглэм, засаглалын хэлбэрээс үл хамааран нийгэмд элит ямагт оршин байсан, байна, байсаар ч байх болно.
Парэто элит гэх ойлголтын зэрэгцээ засаглагч анги, ноёрхогч анги, язгууртан, дээд анги гэх мэт нэр томьёог ашигласан байдаг. Гэхдээ эдгээр үгийн ерөнхий утга нэгдмэл шинжтэй байв. “Гэгээн язгууртан, дээрэмчин язгууртан, эрдэмтэн язгууртан, гэмт хэрэгтэн язгууртан гэх мэтчилэн” язгууртны олон төрөл байж болох талаар бүтээлдээ дурджээ. Хамгийн чухал нь, язгууртан буюу элитийг хэрхэн тодорхойлох вэ, мэдлэг чадвар нь ямар байх ёстой вэ гэдэгт асуудлын гол оршино. Парэто элитэд түгээмэл шинж байхыг үгүйсгэж, тодорхой орчин, тухайлбал оршин буй нийгмийн тогтолцоотой холбоотойгоор төлөвшиж болох талаар дурдсан байна.
Парэто элит хэмээх ойлголтыг бодит нийгмийн талаас авч үзэхийг хичээсэн. Элит бол нэг талаар байгалийн шалгарлын үр дүн учир өөрийн салбартаа дээд зэргээр мэргэшсэн тийм хүмүүсийг багтаана. Гэвч нийгмийн орчинд элитийн шинж байхгүй хэрнээ элит давхаргад багтсан хүмүүс байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, эхний тайлбартайгаа хоёр дахь үзэгдэл зөрчилдөх болсон. Ангийн нээлттэй бүтэц, тогтвортой дайчилгааны механизм бүхий нийгэмд элит байгалийн шалгарлын үр дүнд бүрддэг болохыг тэрээр онцолсон. Харин ангиудын хаалттай бүтэц, дайчилгааны механизм үгүй нийгэмд элит бүрдэх үйл явц доголдох хандлагатай байдгийг гаргасан. Биеэ барих чадвартай байх, зорилгодоо хүрэхийн тулд бусдыг өрвдөх зүйлгүй золиглох хаттай байх, шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэх, бусдыг дагуулах, итгэн үнэмшүүлэх чадвартай байх зэрэг нь засаглагч элитийн үндсэн шинж юм. Засаглал итгэл үнэмшил, хүчирхийлэл дээр суурилна. Хэрэв бусдыг итгэн үнэмшүүлэх чадваргүй бол эргэлзээгүй хүч хэрэглэх чадвартай байх хэрэгтэй. Хэрэв хүч хэрэглэх чадваргүй бол бусдын талдаа татах, ятган сэнхрүүлэх чадвар эзэмшсэн байвал зохино. Чадварыг бүгдийг эзэмшвэл түүнээс илүү сайн зүйл гэж үгүй. Чадвартай байна гэдэг эрх мэдлээ тогтоох барихын үндэс юм. Энэ утгаараа Парэто түүхийг “язгууртны булш мөн” хэмээсэн байдаг.
Нийгмийн харилцааны нэг онцлог нь элит болон элит бус давхаргын хооронд мөнхийн сэлгээ хийгдэж байдагт оршино. Дээд анги буюу элит шинэчлэгдэх үйл явцыг элитийн цус сэлбэлт хэмээн нэрлэсэн байна. Элитийн цус сэлбэлтийн үр дүнд нийгмийн хөгжил тасралтгүй урагшилж байдаг зүй тогтолтой.
Элитийн цус сэлбэлт
Элитийн цус сэлбэлт нийгмийн тэнцвэржилтийг хангахад онцгой чухал үүрэгтэй. Цус сэлбэлт нь элитэд удирдлагыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцөөр хангаж байдаг. Хэрэв элит хаалттай бүлэг болон хувирч, нийгмийн доод давхаргын чадвартнаар өөрийгөө шинэчилж чадахгүйд хүрвэл элитээ дагаад нийгэм бүхэлдээ уналтад ордог. Нөгөө талаас, нийгмийг удирдах чадвар бүхий хүмүүс доод ангийн бүтцэд хуримтлагддаг байна. Ингэснээр улс төрийн тэмцэл буюу хувьсгал үүснэ. Элитийн цус сэлбэлт удаашрах, нийгмийн доод давхаргад элитийн шинжтэй хүмүүс хэт олшрох нь нийгмийн тэнцвэржилтийг эвдэж, хувьсгал гаргахад хүргэдэг байна. Шууд утгаар хэлэхэд, нийгмийн элит давхаргын бүтцийг эрс шинэчлэх үйл явц бол хувьсгал юм.
Элитийн хэв шинж
Хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн үйл явц гэгч элитийн өсөлт, бууралт, уналтын үйл явц юм. Ингэхлээр, энэ нь хүний нийгэм оршин байх ерөнхий зүй тогтол болж байна. Элит солигдох буурч, доройтох, эсвээс өсч хөгжихийн чухам шалтгаан юунд оршино вэ? Парэто үүнийг элитийн хэв шинжтэй холбон тайлбарласан байна. Үнэг болон арслан хэв шинжит хоёр төрлийн элит байна. Үнэг хэв шинжит элит давамгайлах үед нийгэмд хөгжлийн алс ирээдүйг харах бус, эрх мэдлээ хэрхэн, ямар аргаар тогтоон барих вэ гэсэн хувиа аргацаасан хандлага ноёлох болдог. Алс ирээдүйг бус, ойр үеэ бараалах, улс үндэстний гэхээсээ илүү амин ашиг тусаа хичээх, оюун санааны гэхээсээ илүү эд материалд шунан тачаадах тэргүүтэн нь үнэг хэв шинжит нийгмийн үндсэн шинж юм. Эрх мэдлээ тогтоон барих арга нь олон түмнийг хууран мэхлэх, ятган сэнхрүүлэх, худалдан авах тэргүүтэн арга болно. Харин арслан хэв шинжит элитийн үед хүч хэрэглэсэн, хүчин суурилсан аргаар эрх мэдлээ тогтоон барихыг чармайх бөгөөд үнэг хэв шинжит элитээс илүү алс холыг цараалдаг байна. Гэхдээ нийгмийн хөгжил ерөнхийдөө зогсонг байдалд орох хандлагатай байдаг.
БЭЛТГЭСЭН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР 

Saturday, January 14, 2017

СОЦИОЛОГИЧ ЧЭЗАРЭ ЛОМБРОЗО

Чэзарэ Ломброзо
Итали хэлнээ: Cesare Lombroso
Чэзарэ Ломброзо
1900 оны зураг
Мэндэлсэн он:
1835 оны 11-р сарын 6
Мэндэлсэн газар:
Австрийн эзэнт гүрэн Верон хот
Бие барсан он:
1909 оны 10-р сарын 19 (73 нас)
Бие барсан газар:
Итали улс Турин хот
Харъяалал:
Италийн эзэнт улс
Мэдлэгийн хүрээ:
Криминологи, сэтгэц оношилгоо
Нэрд гарсан шавь нар:
Олонд танигдсан:
Гарын дардас:
Эд мөрийн баримт судлал дахь антропологийн дэг сургуулийг хөгжүүлэгч

ЛОМБРОЗО ЧЕЗАРЕ (LOMBROSO CESARE)- нь Италийн алдарт сэтгэл зүйч бөгөөд 1835-1909 онуудын хооронд амьдарч байсан болно.
Ломброзо 1835 оны арваннэгдүгээр сарын 6-нд Верон хотноо чинээлэг еврей хүний гэрт мэндэлсэн байна. Түүний эцэг Аронне Ломброзо Верон хотын худалдаачин байсан бол эх Зефори Ливе Турин хотын ойролцоо орших тосгоноос гаралтай нэгэн байв. Падуи, Вена, Парижийн их сургуулиудад утга зохиол, хэл шинжлэл, археологийн ухаанууд судалсан боловч төлөвлөгөөгөө өөрчилж армид 1859 онд мэс засалчаар ажилласан. 1866 онд Павад уригдаж лекци уншсан ба сүүлд 1871 онд Пезаро дахь сэтгэл мэдрэлийн төвийг удирдах болсон юм. 1876 онд Турины их сургуульд шүүх эмнэлэгийн болон нийгмийн эмгэг судлалын профессор болсон байна. Мөн тэр ондоо “L’Uomo delinquente” (Гэмт хүн) нэртэй бүтээл гаргасан нь ихээхэн шуугиан дэгдээж, Итали хэл дээр таван удаа хэвлэгдэхийн зэрэгцээ Европын олон хэлнээ хөрвүүлэгдсэн байдаг.
Тэрээр 1862 оноос Павын их сургуулийн, 1896 оноос Турины их сургуулийн сэтгэц засал, эрүүгийн хүн судлалын ухааны профессороор ажиллажээ.
Италийн суут эрдэмтэн Ч. Ломброзо 1906 оны аравдугаар сарын 19-нд Турин хотноо 73 насандаа дүшидийн орноо морилжээ.
Пава болон Турины их сургуулийн сэтгэц заслын ухааны профессор тэрээр дэлхий дахинаа төрмөл гэмт хэрэгтний үзэл санаагаараа (concept of born criminal) ихээхэн нэр олсон байдаг. 1863 онд “Суутнууд ба ад зэтгэрийн донтонгууд” нэртэй бүтээл гаргасан нь дэлхий даяар томоохон шуугиан дэгдээжээ. Тэрээр хүн төрөлхтөний түүхэнд гарч асан агуу ухаантнуудын түүх намтарыг судлаад дараахь дүгнэлтүүдийг хийсэн байна. Үүнд:
·         Агуу хүмүүсийн ихэнхи нь үнэндээ өчүүхэн амьтад байсан. Тухайлбал Ампер 13 нас хүрч байж сая сайн математикч болсон, Паскаль 10 насандаа акустик онолыг гаргасан.
·         Суут ухаантан гэж нэрлэгдсэн хүмүүсийн олонхи нь хар тамхичин, адгийн архичингууд байв. Галлер их хэмжээгээр хар тамхи татдаг, харин Руссо кофены мангас байв.
·         Суутнууд гэж нэрлэгдсэн хүмүүс хэзээ ч нэг зүйл дээр төвлөрч ажиллаж байсангүй, байнгын хэрмэл амьдралтай байсан.
·         Тэд мэдлэгийн ганц төрлөөр хэзээ ч дагнаж байсангүй.
·         Бусдаас ямагт үзэл бодол, хувцаслалт, амьдралын хэв маягаараа ялгарахыг хичээдэг байсан.
·         Шашин шүтлэгийн онцгой ихээр үзэн ядаж түүнийг шорон гяндантай зүйрлэдэг байв.
·         Бичгийн болон хэл ярианы маш өндөр чадвартай байсан.
·         Зүүдэнд ихээхэн ач холбогдол өгдөг байсан.
Эндээс Ломброзо суутнууд бол галзуу өвчтөн, ад зэтгэрийн донтонгоос өөр хэн ч биш юм. Суу ухаан бол солирол мөн гэж үзсэн байна. 1876 онд “Гэмт хүн” нэртэй бүтээл гаргаж, түүндээ гэмт хэрэгтэн гэж хэн бэ гэсэн асуултанд хариулт олохыг хичээжээ. Удам сайт хүнээс хэзээ ч гэмт хэрэгтэн төрдөггүй, харин удам муу хүнээс хэзээ ч алдартан төрдөггүй. Гэмт хэрэгтний шинж хүнд удамшигдаж ирдэг. Өнөөгийн нийгэмд алаач, хулгайч, хүчирхийлэгч, луйварчин гэсэн дөрвөн хэв шинжийн гэмт хэрэгтэн байдаг гэжээ.
Мөн эмэгтэй хүний талаар нэлээд сонирхолтой санаа дэвшүүлсэн байдаг. Түүний үзлээр эмэгтэй хүний хамгийн гол зөн билиг нь үржих зөн юм. Эмэгтэй хүн эхээс төрөхдөө гэмт хэрэг өдүүлэх, янхандах, хайрлаж тачаадах гэсэн гурван үйлд сайн байхаар заяагдсан ажээ.
·         Хайрлаж тачаадах:
·         Амьтныг хайрлаж тачаадах:
·         Хүнийг хайрлаж тачаадах:
·         Янхандах:
·         Янхандалтын түүх:
·         Бүдүүлэг ард түмнүүдийн яхандалт, ичгүүр:
·         Түүхэн ард түмнүүдийн яхандалт:
·         Төрмөл яхандалт:
·         Тохиолдолын янхандалт:
·         Эмэгтэй хүний гэмт үйл:
·         Адгуус амьтны шинж бүхий эмэгтэй хүний гэмт үйл:
·         Бүдүүлэг ард түмний эмэгтэйчүүдийн яхандалт:
·         Төрмөл гэмт хэрэгтэн:
·         Тохиолдолын гэмт хэрэгтэн:
·         Шуналд хөтлөгдсөн гэмт хэрэгтэн:
·         Хүний амь бүрлээч бүгдээрээ эмэгтэй хүнтэй холбоотой байдаг.
Эмэгтэй хүн хүн төрөлхтөнд хойч үеэ үлдээхэд хэрэг болох адгуус бөгөөд тэдний үйлдэл ямагт гэмт хэргийн шинжийг агуулж байдаг. 
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд Ломброзо хүүхдийн бие хүний төлөвшилд хүмүүжил, сургалт бус, харин удамшил чухал гэж үзсэн байна. 
Бүтээлийн жагсаалт
·         Ricerche sul cretinismo in Lombardia, (1859)
·         Genio e follia, (1864)
·         Studi clinici sulle mallatie mentali (1865)
·         Sulla microcefala e sul cretinismo con applicazione alla medicina legale (1873)
·         L'uomo delinquente, (1876)
·         Considerazioni al processo Passannante, (1879)
·          L'amore nel suicidio e nel delitto, (1881)
·         L'uomo di genio in rapporto alla psichiatria, (1888, English translation, Man of Genius, London, 1891)
·         Sulla medicina legale del cadavere, (second edition, 1890)
·         Palimsesti del carcere, (1891)
·         Trattato della pellagra, (1892)
·         Le piщ recenti scoperte ed applicazioni della psichiatria ed antropologia criminale, (1894)
·         Gli anarchici, (1894)
·          L'antisemitismo e le scienze moderne, (1894)
·          Genio e degenerazione, (1897)
·          Les Conquкtes rйcentes de la psychiatrie, (1898)
·         Le crime; causes et remйdes, (1899, English translation, Crime, its Causes and Remedies, Boston, 1911)
·         Lezioni de medicina legale, (1900)
·          Delitti vecchi e delitti nuovi, (1902)
·         Ricerche sui fenomeni ipnotici e spiritic, (1909). He began to believe in the supernatural.
·         L'opera di Cesare Lombroso nella scienza e nelle sue applicazioni, (Turin, 1906). Жич Ломброзогийн илтгэл, лекцийн эмхтгэл энэ нэрээр хэвлэгдсэн байна.
Англи хэл дээр хөрвүүлэгдсэн бүтээлүүд
·         (1891) The Man of Genius, Walter Scott.
·          With William Ferrero (1895) The Female Offender, D. Appleton & Company. Littleton, Colorado: Fred Rothman, (1980).
·         Criminal Woman, the Prostitute, and the Normal Woman, Duke University Press, 2003.
·         (1909) After Death - What?, Small, Maynard & Company.
·         (1911) Crime: Its Causes and Remedies, Little, Brown, and Company.
·         With Gina Lombroso-Ferrero (1911) Criminal Man, According to the Classification of Cesare Lombroso. New York: Putnam; (1972) Montclair, N.J.: Patterson Smith.
·          (2004). The Criminal Anthropological Writings of Cesare Lombroso, Edwin Mellen Press.

МОНГОЛ ХЭЛНЭЭ ХӨРВҮҮЛСЭН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР