GEORGES VACHER DE LAPOUGE
Маркиз Жорж Ваше де Лапуж 1854 оны арванхоёрдугаар сарын
12 нд Францын Вьенна дахь Невилле-де-Пуатуд католиг санваартны гэрт мэндэлжээ. Улмаар
1855 оны нэгдүгээр сарын 13 нд загалмайлсан гэдэг. Арван хоёр насандаа эцгээ
алдаж, эхийн талын хамаатнуудынхаа гар дээр хүмүүжсэн байна. 1866 оны
аравдугаар сараас Пуату дахь Иезуит Коллежид, 1868-1872 онуудад лицейд тус тус
суралцжээ. Энд байхдаа Лапуж нэрт эрдэмтэн Хэрбэрт Спенсер, Чарльз Дарвин нарын
бүтээлтэй танилцсан нь түүний ертөнцийг үзэх үзэл төлөвшихөд томоохон нөлөөлөл
болжээ. Оюутан ахуйдаа 1877 оны арваннэгдүгээр сарын 29 нд “Удамшлыг
хүлээн зөвшөөрөх нь” нэрт 750 гаруй хуудас судалгаа хийсний учир алтан
медалиар шагнагдаж, 1879 онд хууль цаазын ухаанаар докторын зэрэг горилжээ. Хожим
өөрийн диссертацийн тухай “энэ бол шинэ нээлт байлаа” хэмээн бичсэн
байдаг (Жорж Ваше де Лапуж (Ляпуж), 2016) .
Мөн ондоо туслах прокурор, 1880 оноос прокуророор ажиллах
болжээ. Төрийн албанд орсноор түүний шинжлэх ухааны салбар дахь бүтээлч үйл
ажиллагаа хумигдаагүй юм. Ялангуяа Францын нэрт антропологич Пол Топинарын
эерэг нөлөө Лапужид томоохон түлхэц үзүүлжээ. Эх орон, ард түмэндээ хайртай
сэхээрэлт эрдэмтний хувьд Лапуж Францын ард түмний мунхаг, бүдүүлэг байдлыг
хурцаар шүүмжилсэн байна. Түүний үзсэнээр, эрх чөлөө, боловсрол хоёр нэг нэгнээ
тэтгэх ойлголт бөгөөд боловсролгүй эрх чөлөө, эрх чөлөөгүй боловсрол байх
боломжгүй гэдгийг онцолжээ. 1881 оны хоёрдугаар сарын 6 нд энэ сэдвийн хүрээнд «Эрх чөлөөт ард түмнүүдийн
боловсролын үүргийн тухай»
лекцээ уншсан байна. Францын ард түмний үндэсний ухамсарыг сэргээх, улс орноо
хөгжүүлэхийн тулд хүн бүрт боловсролыг түгээж, соён гэгээрүүлэх хэрэгтэй. Ингэж
чадвал улс орон хөгжих боломжтой гэсэн санааг гаргажээ. Төрийн албаны явцуу
хүрээ их эрдэмтний сэтгэлгээний хөгжилд чөдөр, тушаа болж байсан учир 1883 онд
сайн дураараа огцорчээ.
1883
онд Мариа-Албэртинэ Хиндрэй авхайтай ураглаж, Монпель хотноо номын санчаар
ажиллах болсон. 1883-1886 онуудад Дээд Түвшний Судалгааны Сургууль, Дорно
Дахины Хэлний Сургуульд шумер, еврей, мисир хэлний зэрэгцээ япон, нанхиад
хэлээр идэвхийлэн суралцаж, Байгалийн Түүхийн Музей, Антропологийн Сургуульд
лекц унших болжээ.
Сэтгэл
судлаач Фрэнсис Гальтоны үндэслэсэн евгеник урсгалыг баримталж, 1886 онд «Хүн судлал ба улс төрийн шинжлэх
ухаан» (L'Anthropologie et la Science Politique) нэрт лекц уншсан нь ихээхэн шуугиан тарьж, ирээдүйд бий
болох арьстнуудын тэмцлийн тухай маргаан дэгдэхэд хүргэжээ. Үүнээс гадна, 1886
онд «Нийгмийн
шалгарал» (Les Selections Sociales), 1899 онд «Арий арьстан: Нийгмийн үүрэг» (L’Aryen son role social) нэрт бүтээлүүд нийтлүүлсэн. Лапуж
1922 он хүртэл номын санчаар ажилласан юм. Арьсны онол буюу түүний өөрийх нь
нэрлэснээр антропосоциологийн ухааныг үндэслэгч Маркиз Жорж Ваше де Лапуж 1936
оны хоёрдугаар сарын 20 нд Пуату хотноо 82 насандаа ертөнцийн мөнх бусыг
үзүүлжээ. Отто Аммоны охин Лапужийг “Цайвар үс, гүн цэнхэр нүд, дундаж
нуруутай, зарчимч, хошин шогийн мэдрэмжтэй хүн” хэмээн тодорхойлсон байдаг (Тагиефф,
2009, хуудсд. 145-146) .
Лапужийн
бүтээл 1899 онд анх удаа нийтлэгдээд дахин хэвлэгдээгүй юм. Гадны хэлнээ ч
орчуулагдан гарсангүй. Үүнд олон учир шалтгаан нөлөөлсөн. Нэгдүгээрт, харгис,
бурангуй, ёс бус үзэл санаа гэж үзсэн учир, хоёрдугаарт, үзэл санааны ерөнхий
утга батлагдах боломжгүй гэж үзэж байсан, гуравдугаарт, арьсны онолыг улс
төрийн зорилгоор ашиглах боломжтой байсан зэрэг нь үүнд нөлөөлжээ. Хэдийгээр
арьстны тэмцэл бодитой, тархины багтаамж нийгмийн хөгжлийг тодорхойлдог, арий
арьстан байдаг зэрэг харгис гэж хэлж болохоор олон санааг гаргасан ч Лапуж
нацист үзэлтэн юм уу нацизмыг номлогч байгаагүй юм. Нөгөө талаас, хүн
төрөлхтөнийг аймаглан устгах үзэл санааг хатуу шүүмжлэгч байжээ. Тухайлбал,
1927 онд нацизмын онолч Ханс Гюнтертай холбоо тогтоож, танилцсан хэрнээ еврей
иргэдийг аймаглан устгах үзэл санааг нь эрс шүүмжилж байжээ. Хүн төрөлхтөний
нийгмийн хөгжил долихоцефал (Урт толгойтон гэх үг, орчуулагчийн тайлал) болон брахицефал (Хавчиг толгойтон, орчуулагчийн тайлал)-чуудын харилцаагаар тодорхойлогдох
боловч тэдний харилцаа эвлэршгүй шинжтэй биш бөгөөд долихоцефалгүйгээр
брахицефал, брахицефалгүйгээр долихоцефал оршин байх боломжгүй гэж үзжээ. Бүхэл
нэгэн систем гэж үзвэл долихоцефал, брахицефал нь тодорхой үүрэг бүхий тухайн
системийн бүрдэл элемент бөгөөд нэг элемент (Тухайлбал, брахицефал) устсан тохиолдолд систем бүхэлдээ устах аюултай гэж Лапуж анхааруулжээ. Германы
судлаач Венер Шульц “Францын ард түмэн өөрийн суут эрдэмтний бүтээлийг өнөө
хэр гүйцэд ойлгож чадаагүй байна” хэмээсэн нь юутай үнэн. Лапуж Артур Гобино,
Алфрэд Розенбэрг, Ханс Гюнтер зэрэг нацизмын онолчдыг шүүмжилсэн хэрнээ Людвиг
Шеман, Юлуис Фридрих Леман, Паул Шульц-Наумбург нарын арьсны онолчидтой олон
жилийн турш сайн харилцаатай явж иржээ.
Хитлэрийн
тухай Лапуж найздаа илгээсэн нэгэн захидалдаа ийн бичжээ: “Энэ улс төрчийн
харалган бодлого шилдэг хүмүүсийг аймшигтайгаар аймаглан устгахаас өөр юунд ч
хүргэхгүй гэдгийг ирээдүй бидэнд харуулах болно” гэжээ.
Юуны
түрүүнд, Лапуж өөрийн үзэл санааг антропосоциологи хэмээн нэрлэсэн байдаг. Хэдийгээр
арьсны онол анх XIII
зууны үед Германид бий болсон ч Лапужийн бүтээлд нэлээд боловсронгуй хэлбэрээр
хөгжсөн байна. Улс төрийн шинжлэх ухааны зорилго нь ард түмний сайн сайхан
байдал, нийгмийн шударга ёсыг тогтооход чиглэгдсэн төрийн үйл ажиллагааг судлах
бус, харин ард түмэн, арьстнуудын оршин байхын төлөөх тэмцэлд хүчний тэнцвэрийг
хэрхэн үр дүнтэй хадгалах вэ гэдэгт хариулт олоход оршино.
Үзэл
санааны хувьд эхэндээ социализм, ардчиллыг дэмжигч байсан боловч аажмаар арьсны
онолыг сурталчлах болсон. “Эрх тушаалтнууд ардчиллын нүүрэвчин дор
халхлагдаж, ардчиллын боломжийн тухай ярих болжээ. Үнэндээ ардчилал бус, эрх
тушаалтнуудын засаглал оршин байна. Арьстнуудын тэмцэл улс орны дотор, улс
үндэстнүүдийн дунд өрнөж байна. Ардчилал бол нэрнээсээ өөр гялтайх зүйлгүй тийм
дэглэм төдий юм. Ард түмэн засагладаг гэж үзэх ч ард түмэн хамгийн эрх мэдэлгүй
байдаг тийм дэглэм болно” хэмээн Лапуж бичжээ. Харин социализмын тухайд “...
жинхэнэ байгалийн шалгаралд суурилах ёстой. Өөрөөр байх боломжгүй” гэж
үзсэн. Лапуж Европын хүн амыг дараах гурван томоохон арьстанд ангилсан. Үүнд:
Homo europaeus нь биеийн
хэлэмжийн хувьд цайвар, шар үстэй, цэнхэр нүдтэй, өндөр нуруутай бөгөөд хурц ухаан,
дайчин чанар, зүтгэлтэй шинжээрээ бусад арьстнаас ялгардаг байна. Харин homo alpinus нь дунд зэргийн нуруутай, үс, нүдний
өнгө хар, оюун ухааны хувьд дундаж түвшинд байдаг. Homo mediterranaeus нь өмнөх хоёр арьстнаа бодвол биеийн
хөгжил, оюун ухааны хувьд доогуур болно. «Урт толгойтнууд нийгмийн организмд уураг тархи, мэдрэлийн
эрхтний үүргийг, харин хавчиг тойгойтнууд булчин, шөрмөсний үүрэг гүйцэтгэнэ.
Брахицефал буюу хавчиг толгойтнууд долихоцефал буюу урт толгойтнуудын түвшинд
хүрэхгүй» хэмээн Лапуж бичжээ. Хүн амын тархины
багтаамж ихсэх тусам, тухайн улс орон, ард түмний нийгмийн хөгжил хурдасах,
эсрэгээрээ, тархины багтаамж багасах тусам, нийгмийн хөгжил удаашрах зүй
тогтолтойг Лапуж онцолсон байна. Ялдарт нь, эртний Мисир, Энэтхэг, Грек-Римийн
соёл иргэншил уг зүй тогтлыг нотлон харуулж байна гэжээ. Мисир, Халдэй, Парсиг,
Энэтхэг, Грек, Ромд ноёрхогч анги дахь долихоцефалчуудын хувь өсөх тусам улс
төрийн хүрээнд тогтвортой байдал бий болж, урлаг, шинжлэх ухаан хөгжиж байсан
хандлага ажиглагджээ. Харин брахицефалчуудын хувь өсөх тусам соёл иргэншил
бүхэлдээ уналтад орж байжээ. Эндээс хүн амын тархины багтаамж улс орны хөгжлийг
тодорхойлогч суурь хүчин зүйл мөн гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Нийгмийн
хөгжлийн үйл явцыг судлаад хүн амын тэгш бус байдал хэзээ ч устахгүй гэсэн
санааг гаргажээ. Хүн амын тэгш бус байдлын чухам шалтгаан нь хүний тархины
багтаамж харилцан адилгүй байдагт оршино. Зарим нь санаачлагатай, зүтгэлтэй,
тархины багтаамж өндөртэй байхад өөр нэг хэсэг нь эсрэгээрээ байх жишээтэй.
Тархины багтаамж харилцан адилгүй байгаа нөхцөлд баялаг, эрх, үүргийг тэгштгэн
хуваарилах хөнөөлтэй гэдгийг сануулсан. Ташрамд дурдахад, Германы эрдэмтэн Отто
Аммон Баден хотноо 30 мянган оюутны тархины багтаамжийг судлаад Лапужийн санааг
хүлээн зөвшөөрсөн байна.
Лапуж
хүн төрөлхтөний нийгмийн хөгжлийг судлаад дараах арван нэгэн зүй тогтол байгааг
гярхайг ажиглажээ. Үүнд:
·
Баялаг хуваарилагдах зүй тогтол: homo europaeus – homo
alpinus арьстнууд холилдох үед тархины багтаамж буурахын зэрэгцээ баялаг өсөх хандлагатай
байжээ.
·
Өсөлтийн зүй тогтол: homo europaeus – homo
alpinus арьстнууд холилдох үед homo europaeus арьстны өсөлтийн хурд саармагждаг
байна.
·
Хотуудад хуваарилагдах зүй тогтол: томоохон хот
суурингуудад урт толгойтнууд өсөх, хавчиг толгойтнууд багасах хандлагатай
байна.
·
Хот суурингийн иргэдийн тархины багтаамжийн зүй тогтол:
хот суурингийн иргэдийн тархины багтаамж хөдөөгийн иргэдийг бодвол харьцангуй
дээгүүр байна.
·
Шилжин суурьших
зүй тогтол: шилжин суурьшиж буй иргэдийн дунд долихоцефалчуудын хувь давамгай,
брахицефалчуудын хувь доогуур байна.
·
Шинэ газар ураглах зүй тогтол: брахицефалчууд төрөлх
нутгаасаа гадна ураглах явдал харьцангуй бага байна.
·
Долихоцефал төвлөрөх зүй тогтол: Шилжин суурьших
хөдөлгөөн долихоцефал төвлөрсөн томоохон хотууд руу чиглэдэг байна.
·
Хот суурингийн амьдралын зүй тогтол: Хот суурингийн
амьдрал долихоцефалийг нэмэгдүүлэх, брахицефалийг багасгахад чиглэгддэг байна.
·
Нийгмийн давхараажилтын хууль: Тархины багтаамж
нэмэгдэхийн хэрээр ноёрхогч ангид дэвшин орох боломж нээгддэг бол эсрэгээрээ,
багтаамж багасахын хэрээр нийгмийн байр суурь доошилдог. Нийгэмд ямар байр
суурьтай байх нь тухайн хүний тархины багтаамжаас хамаарна.
·
Оюун ухааны зүй тогтол: Тархины багтаамж нэмэгдэхийн
хэрээр оюун ухаан тэлдэг.
·
Тархины багтаамж өсөн нэмэгдэх зүй тогтол: Хүн
төрөлхтөний түүхийн явцад хүний уураг тархины багтаамж ямагт өсөн нэмэгдсээр
ирсэн.
Байгальд
шалгарал байдгийн нэгэн адил нийгэмд ч шалгарал байна. Хүчтэй, чадалтай, ухаан,
мэдлэгтэй, авьяастай нэгэн нь ялж, бусад нь ялагдаж байх зүй тогтолтой. Энэ
байдлыг үл харгалзан бүхнийг тэгштгэх нь нийгэмд хөнөөлтэй. Тиймээс хэрэв
социализм гэж байдаг бол тэр нь байгалийн шалгарал дээр суурилах ёстой (Lapouge, 1928, хуудсд. 82-84) .
ЭХ СУРВАЛЖ
Lapouge, G.
V. (1928). Race Studies in Europe. Eugenical News, 13(6).
Жорж Ваше де Лапуж (Ляпуж). (2016, December 17).
Retrieved from https://www.livelib.ru/author/446585-zhorzh-vashe-de-lapuzh
Тагиефф,
П.-А. (2009). Цвет и кровь. Французские теории расизма = La
couleur et le sang. Doctrines racistes a la francaise. Москва : Ладомир.
ТОЛМОЧЛОН БУУЛГАСАН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ
НЯМААГИЙН ОТГОНБАЯР
No comments:
Post a Comment