XX зууны Америкийн хайв эрдэмтэн, социологич нь
Колумбын Их Сургуулийн профессор Чарльз Райт Миллс (Англи
хэлнээ: Charles Wright Mills; 1916-1962
он) билээ.
Чарльз Райт Миллс 1916 оны наймдугаар сарын 28 нд
Техас муж улсын Уэйко хотод даатгалын ажилтан Чарльз Гровэр Миллс (Charles Grover
Mills), Фрэнсис Райт Миллс (Frances Wright Mills) нарын гэрт мэндэлжээ. Тэрээр төрөлх
нутагтаа 23 нас хүртлээ амьдарчээ. 1934 онд Далласын Техникийн Сургуулийг
дүүргэж 1935 онд Техасын Их Сургуульд элсэн орж улмаар 1939 онд социологийн
ухаанаар төгссөн байна. Их сургуулиа төгсөх үедээ Миллс «American Sociological Review», «American Journal of Sociology» гэх эрдэм шинжилгээний нэр хүнд
бүхий хоёр цувралд өгүүллээ нийтлүүлсэн байна.
Техаст Миллс социологийн чиглэлээр
магистрантурт суралцаж байсан Дороти Хэлэн Смит (Dorothy Helen Smith) гэгчтэй
танилцаж улмаар эхнэр, нөхөр болцгоожээ. Эмэгтэйчүүдийн Оклахома Коллежийг
худалдааны чиглэлээр дүүргэсэн Дороти эмэгтэйчүүдийн байгууллагад захиралын
туслахаар ажиллаж Миллсийг докторын зэрэг хамгаалж байхад гэр бүлээ тэжээж байв.
Нөхрийнхөө докторын ажлын үзэл санааг хянан байцаах, алдааг нь ариутган шүүх
зэргээр Миллсийн ажилд онцгой тусалдаг байсан гэдэг. 1940 оны наймдугаар сард
Дороти, Чарльз нар хоёр тийш болсон ч 1941 оны гуравдугаар сард дахин нийлж
1943 оны нэгдүгээр сарын 15 нд охин Памела нь мэндэлжээ.
1942 онд Миллс Мэдисон дахь
Висконсин Их Сургуульд «Прагматизмийн социологи тайлбар: Социологи
мэдлэгийн тэмдэглэл» сэдвээр социологийн ухааны докторын зэрэг
хамгаалсан байна. Хамгаалуулах зөвлөл Миллсийн бүтээлийг хурцаар шүүмжилсэн ч
эрдмийн зэргээ авч чадсан юм. 1942 оны эхээр Милсс гэр бүлийнхээ хамт Висконсин
муж улсыг орхиж Мэриландын Их Сургуульд социологийн тэнхимийн доцент багшаар
томилогдсон байна.
Үзэл санааны хувьд Жон Дью (John
Dewey), Жорж Хэрбэрт Мид (George Herbert Mead), Ховард Паул Беккер (Howard Paul
Becker), Макс Вебер (Max Weber), Карл Манхейм (Karl Mannheim), Карл Маркс (Karl
Marx) нарын нөлөөн дор байсан нь хожмоо Миллсийг элит судлал дахь зүүний
радикал урсгалын томоохон төлөөлөгч (Алвин Уорд Гоулднерын хамт) болоход хүргэсэн байна. 1941-1945
онуудад Мэриландын Их Сургуульд багшлахын зэрэгцээ Ричард Хофштадтэр (Richard
Hofstadter), Фрэнк Бүрт Фридэл (Frank Burt Freidel),
Кэннэт Милтон Стэмп (Kenneth Milton Stampp) зэрэг эрдэмтэдтэй нөхөрлөж,
америкийн нийгмийн тулгамдсан асуудлаар бүтээл хамтран бичиж нийтлүүлэх болжээ.
Нэг үеийн эдгээр судлаачид дотроос Кэннэт Милтон Стэмп арай ахмад нэгэн (1912
онд мэндэлсэн) байв. Бусад нь бүгд 1916 оны үе тэнгийхэн байжээ.
1940-өөд оны үед Миллсийн өгүүллүүд
«The New Republic», «The New Leader», «Politics» зэрэг сэтгүүлд нийтлэгдэх болсон. 1945 онд Нью-Йорк хот
руу шилжиж, Поль Лазарсфельдийн удирдлага дор Колумбын Их Сургуулийн Нийгмийн Ахисан
Төвшний Судалгааны Товчоонд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллах болжээ.
Эсэргэн жилд хийх судалгааны ажлаа санхүүжүүлэх зорилгоор 2500 доллартай тэнцэх
тэтгэлэгийг 1945 онд Гуггэнхайм Сангаас авсан байдаг. 1946 онд Чарльз Райт
Колумбын Их Сургуулийн социологийн тэнхимийн доцент багшаар томилогдсон байна. Энэ
үед «Цагаан
захтанууд: Америкийн дундаж анги» нэрт бүтээлээ бичсэн бөгөөд 1951 онд олны хүртээл болгожээ.
Нью-Йорк хотод очсноор Миллс эхнэрээсээ холдож, улмаар 1947 онд хоёр тийш
болсон байна.
1947 онд Колумбын Их Сургуулийн Нийгмийн
Ахисан Түвшний Судалгааны Товчоонд
хамт ажиллаж байсан Руфь Харпэр (Ruth Harper) гэгчтэй урагласан бөгөөд тэд
хамтран «Эрх мэдлийн шинэ хүмүүс» (1948 он), «Цагаан захтанууд» (1951
он),
«Элитийн эрх мэдэл» (1956 он) зэрэг бүтээлүүд дээр
ажилласан байна. 1949 онд Чарльз, Харпэр нар Чикаго орж, Чарльз Чикаго Их
Сургуульд багшлах болсон. Нэг семестр ажилласны эцэст Колумбын Их Сургуульдаа
эргэн ирж, 1950 оны долоодугаар сарын 1 нд социологийн ухааны профессор болжээ.
1955
оны долоодугаар сарын 14 нд түүний хоёр дахь эхнэрээс охин Кэтрин нь мэндэлжээ.
Миллс 1956 оны долоодугаар сарын 1 нд социологийн ухааны тэргүүлэх профессор
болсон. 1957 онд гэр бүлээрээ Копенгаген шилжиж, Копенгагены Их Сургуульд
Фулбрайтын тэтгэлэгт багшаар ажилласан. Эх орондоо эргэн ирээд Миллс, Харпэр
нар хоёр тийш болж 1959 онд гэр бүлээ бүрмөсөн цуцлуулжээ.
1959
онд Миллс украин гаралтай зураач Ярослава Сурмач (Yaroslava Surmach)-тай
гэрлэсэн байна. Тэд Нью-Йорк муж улсын Роклендад төвхнөж, 1960 оны зургаадугаар
сарын 19 нд хүү Николас Чарльз нь мэндэлжээ. 1960 оны наймдугаар сард Кубад
очиж, «Сонсцгоо,
янкуудаа Кубад хувьсгал өрнөж байна» нэрт илтгэлээ олны өмнө хэлэлцүүлсэн байна. Чарльз Райт
Миллстэй уулзах үедээ «Элитийн эрх мэдэл» бүтээлийг нь Фидель Кастро өндрөөр
үнэлсэн байдаг.
Бүхий л амьдралынхаа туршид Миллс
амьсгалын дутмагшил өвчнөөр тарчилсан бөгөөд 1962 оны гуравдугаар сарын 20 нд
ид хийж бүтээх 45 насандаа эл өвчний улмаас Нью-Йорк муж улсын Уэст-Найэк
хотноо ажирчээ (Mills, 2000, pp. 5-17). Миллсийн анд, ойрын хамтран зүтгэгч
Ирвинг Горовитц өгүүлснээр, Миллс хүн төрөлхтний түүхийн явцад үүссэн бүхий л
нийгмийн социал бүтцийг судлах 10 дэвтэр «Харьцуулсан социологи» нэртэй
бүтээл туурвихаар төлөвлөж байжээ.
Миллсийн
үзэл санааны хувирал, өөрчлөлтийг гурван үед ангилж болох юм (Коровин,
1977, хуудсд. 5-8). Эхний үе нь 1939-1945 оны хоорон дахь цаг хугацааг хамарсан
бөгөөд прагматизмд татагдах хандлага хүчтэй байв. Нийгэм, улс төрийн хүрээнд
асуудлыг шийдвэрлэх зөв гаргалгаа нь прагматизм болно гэж Миллс үзэж байжээ.
Колумбын Их Сургуульд багшлах болсноор Миллсийн үйл ажиллагааны хоёр дахь үе
эхэлсэн бөгөөд 1946-1955 оны зурвас хугацааг хамарсан. Энэ үеийн нэг онцлог нь
эмпирик баримт түшиглэсэн судалгааны ажлууд түлхүү хийгдсэнд оршино. Нэрт
судлаач Ж. Ландбэргийн судалгааны багт ажиллахын зэрэгцээ Америкийн томоохон
хотуудад судалгааны материал цуглуулах болсон. Ганц Нью-Йорк муж улсад л гэхэд
30 гаруй хотод судалгаа хийжээ. Үүний үр дүнд «Жижиг бизнес ба иргэний дайн»,
«Цагаан захтанууд» зэрэг зохиолууд бичигдсэн байна. 1956-1962 оны хоорон
дахь үед шүүмжлэлт сэтгэлгээ ноёрхох болсон. Улс төрийн хэт
барууны бодлого, зэвсгээр хүч түрэх санааг шүүмжилж, марксист философид таатай
хандах болжээ. Энэ үеийг гол бүтээл нь «Элитийн эрх мэдэл», «Социологи
төсөөлөл» юм.
Чарльз Р.
Миллсийн социологи
Америкийн
радикализмын “загалмайлсан эцэг”, «орчин цагийн Веблен»
Чарльз Миллсийн үзэл санаа социологийн шинж чанартай байв. Т. Парсонс, Э. Шилз,
Д. Белл, Т. Боттомор, С. Липсет нар Миллсийн үзэл санаа, онолд шүүмжлэлтэй
хандсан байдаг. Америкийн нийгэм өөрийн үнэт зүйлстэйгээ зөрчилдөх болсныг
Миллс гярхай ажиглажээ.
Орчин
үед шинжлэх ухааны мэдлэгийн хөгжилд саад бологч гол зүйл нь «хийсвэрлэгдсэн
эмпиризм» гэж Миллс үзжээ. Өөрөөр хэлбэл, «хийсвэрлэгдсэн эмпиризм» бий
болсноор нийгэм, улс төрийн үзэгдэл, үйл явцыг бодитойгоор судлах, үнэлэх
дүгнэлт өгөх боломжгүй болсон. «Хийсвэрлэгдсэн эмпиризм» судалгааны
байгууллагуудыг томоохон пүүс, компани, засгийн газар, арми, хэвлэл мэдээллийн
хэрэгсэл, сангийн эрх ашигт үйлчлэх дүрэм, журамд захирагдсан бюрократи бүтэц
болгон хувиргаж байна. Эрдэмтэд асуудлыг шийдвэрлэх арга замыг хайхаасаа
илүүтэйгээр мэдээлэл цуглуулах, хэмжих, тооцоолол хийхэд анхаарах болсон. Тэд
нийгэм, олон нийтэд бус, хөрөнгө, чинээтэй, хүчирхэг ивээн тэтгэгчид үйлчилж
байна.
Америкчуудын
өнөөгийн шинжлэх ухаан, боловсролын тогтолцоо нь их сургуулийн том толгойтой
профессоруудад хуваагдсан феодалын байгуулалтай адил байна. Хэн үзэл санаандаа
үнэнч биш байна, тэр шахагдаж, хэн профессороо тахин шүтэж, үзэл санаанаасаа
хазайхгүй явж чадна, тэр ахиж дэвшдэг байна. Сүүлээр Миллсийн энэ санааг
судлаач А. Гоулднер, И. Горовитц нар хүлээн зөвшөөрсөн байдаг.
Миллс
эрдэмтдийн үйл ажиллагааг судлаад захиргааны болон ивгээгч хэв шинжтэй
судлаачид олширч буйг дурджээ. Үүний зэрэгцээ, өөрийн цаг үеийн судлаачдаа
бүтээлч, шинийг санаачлах шинжээ алдсан хоосон цэцэрхэгчид болж хувирч байгааг
гаргасан. Ингэж «хийсвэрлэгдсэн эмпиризм» Америкийн шинжлэх ухаанд
бюрократи сэтгэлгээг бий болгож байна.
«Хийсвэрлэгдсэн
эмпиризм»-ийг шүүмжлэх явцдаа Миллс «их онол» гэсэн үзэл баримтлалыг
хөгжүүлсэн. Хэрэв «хийсвэрлэгдсэн эмпиризм» судалгааны арга, аргачлалыг
чухалчилдаг бол «их онол» нь судалгааны ухагдахуунд анхаарал хандуулдаг
гэжээ. Судалгааны ухагдахуунд анхарал хандуулагүйн улмаас П. Сорокины «Нийгмийн
үйлдлийн бүтэц» зохиолын 817 хуудас, Т. Парсонсын «Нийгмийн тогтолцоо»
бүтээлийн 50% хоосон цаас болж хувирсан гэж Милсс үзжээ. Х. Спенсер, О. Конт,
Э. Росс, Э. Дюрхейм,К. Маннхейм, К. Маркс, Т. Веблен, Й. Шумпетер, М. Вебер
нарын уламжлалыг сэргээх нь «хийсвэрлэгдсэн эмпиризм» бий болж, шинжлэх
ухаан уналтад орох аюулаас аврагдах учиртай. Онолоо шүтээд аргаа умартах юм уу
эсвэл аргаа чухалчлаад онолоо орхих нь сайн зүйл биш. Онол, арга зүй харилцан
сүлэлдвээс сая үр дүнд хүрнэ гэдгийг Миллс онцолсон (Цьпник, 1964 ; Коровин, 1977).
ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ
Mills, C. W. (2000). C. Wright
Mills: Letters and Autobiographical Writings . ( Kathryn Mills, &
Pamela Mills, Eds.) Berkeley and Los Angeles, California: University of
California Press.
Коровин, В. Ф. (1977). Основные проблемы «новой
социологии» Райта Миллса. Москва: Изд-во МГУ.
Цьпник, А. Л. (1964 ). Современная буржуазная
социология и ее критика Р. Миллсом . In Марксистская и буржуазная
социология. Москва: Наука.
БЭЛТГЭСЭН: УЛС ТӨР СУДЛААЧ,
УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР