Saturday, July 8, 2017

СОЦИОЛОГИЧ ДЭВИД РИСМЕН

Дэвид Рисмен
David Riesman
Мэндэлсэн он:
1909 оны есдүгээр сарын 22
Мэндэлсэн газар:
Пенсильвани муж улс, Филадельфи хот
Бие барсан он:
2002 оны тавдугаар сарын 10 (92 насандаа)
Бие барсан газар:
Нью-Йоркийн Бинхэмтон
Харьяалал:
АНУ
Шинжлэх ухааны хүрээ:
Хууль зүйн ухаан, социологи
Ажлын газар:
Чикаго Их Сургууль
Буффало дахь Нью Йоркийн Их Сургууль
Харвардын Их Сургууль
Альма-матер:
Харвардын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль
Гавьяа, шагнал:
Хүмүүнлэг үйлсийн Алексис де Токвилийн нэрэмжит шагнал (1980 он)
Дэвид Рисмен (Англи хэлнээ: David Riesman1909 оны есдүгээр сарын 22, Пенсильвани муж улс, Филадельфи хот — 2002 оны тавдугаар сарын 10, Нью Йорк, Бинхэмтон) — нь Америкийн социологич, хуульч, элит судлалын орчин үеийн томоохон төлөөлөгчдийн нэг болно.
Рисмен Герман гаралтай еврей гэр бүлээс гаралтай. Рисменыг эцгийнх нь нэрээр Дэвид хэмээн нэрлэж болжээ. Эцэг Дэвид Рисмен нь Пенсильваны Цэрэг-Анагаах Ухааны Сургуулийн профессор, эмч хүн байжээ.
Бага Рисмен ч удмын алдартнуудаасаа хождолгүй 1931 онд биохимийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байна. Дараагаар нь Харвардын Хуулийн Сургуульд үргэлжлүүлэн суралцаж 1934 онд хууль цаазын ухааны профессор болсон байдаг.
1934-1935 онуудад Рисмен Бостонид хууль зүйн ажил эрхэлсэн.
1935 оноос Буффало дахь Хууль Зүйн Их Сургуульд дөрвөн жилийн туршид багшилжээ. Буффалод тэрээр иргэний эрх чөлөөний сэдвээр олон өгүүлэл нийтлүүлсэн байна. Энэ үеийн судалгааны чиглэл нь хүний нэр төр, алдар хүндийг хууль шүүхийн өмнө хэрхэн үр дүнтэй хамгаалах вэ гэсэн асуудалд төвлөрч байв.
1940-өөд оны дунд үе гэхэд хуульчдын дунд Рисмен ихэд нэр олсон байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Нью Йорк хотод тойргийн прокуророор ажилласан байна.
Дайны дараа Чикаго Их Сургуульд багшилж, соёл, хувь хүний амин үзлийн талаар лекци унших болжээ.
1941 онд Колумбын Их Сургуульд багшлах болсон.
1946 онд Чикаго Их Сургуулийн нийгмийн шинжлэх ухааны профессороор томилогдож, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг судлах судлаачдын багийг ахлах болсон. 1948 оноос  «Ганцаардсан олон түмэн» номынхоо нэгдүгээр бүлгийг бичиж эхэлсэн байна. Рисмены судалгааны арга нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийн агуулгыг судлах болон сурвалжлага байв. Эдгээр аргуудын тусламжтайгаар америкчуудын зан чанарт гарсан өөрчлөлтийг тодорхойлохыг зорьсон байна.
Нөр их ажлын үр дүнд Рисмены «Ганцаардсан олон түмэн» ном хэвлэгдэн гарчээ. Уг бүтээлдээ тэрээр өнөөгийн хүний ухамсар, зан байдалд нийгмийн өөрчлөлт, хувиралт хэрхэн нөлөөлж байгааг тогтоох оролдлого хийсэн байна. Эндээс Рисмен Өрнөдийн нийгмүүдэд хүн үйлдвэр, худалдаа чөлөөтэй эрхлэх эрмэлзэл бүхий идэвхтэй субьектээс эрэлт, хэрэгцээндээ хавчигдаж, бюрократи байгууллагад захирагдсан гадагшаа баримжаалал бүхий бие хүн болж хувирч байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
1952 онд Рисмены ээлжит бүтээл «Цухалдсан олон доторх хүн» нэрт ном гарсан нь «Ганцаардсан олон түмэн» зохиолын шууд үргэлжлэл байв. Торстейн Веблены үзэл санааг судалсны эцэст «Т. Веблен – шүүмжлэлт тайлбар» зохиол нь нийтлэгджээ. Мөн 1954 онд орчин үеийн хүний ганцаардал нийгмийн түгээмэл үзэгдэл болж буй тухай санаа дэвшүүлсэн «Индивидуализмийг хянан үзэхүй» бүтээлээ гаргасан байна.
1980 онд хүмүүнлэг үзэл санаа хөгжүүлсний учир Алексис де Токвилийн нэрэмжит шагнал хүртсэн байна. Рисмен нийтдээ 15 орчим томоохон хэмжээний ном бичсэн байдаг.

БЭЛТГЭСЭН: УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

ЧАРЛЬЗ РАЙТ МИЛЛСИЙН СОЦИОЛОГИ

XX зууны Америкийн хайв эрдэмтэн, социологич нь Колумбын Их Сургуулийн профессор Чарльз Райт Миллс (Англи хэлнээ: Charles Wright Mills; 1916-1962 он) билээ. 
Чарльз Райт Миллс 1916 оны наймдугаар сарын 28 нд Техас муж улсын Уэйко хотод даатгалын ажилтан Чарльз Гровэр Миллс (Charles Grover Mills), Фрэнсис Райт Миллс (Frances Wright Mills) нарын гэрт мэндэлжээ. Тэрээр төрөлх нутагтаа 23 нас хүртлээ амьдарчээ. 1934 онд Далласын Техникийн Сургуулийг дүүргэж 1935 онд Техасын Их Сургуульд элсэн орж улмаар 1939 онд социологийн ухаанаар төгссөн байна. Их сургуулиа төгсөх үедээ Миллс «American Sociological Review», «American Journal of Sociology» гэх эрдэм шинжилгээний нэр хүнд бүхий хоёр цувралд өгүүллээ нийтлүүлсэн байна. 
Техаст Миллс социологийн чиглэлээр магистрантурт суралцаж байсан Дороти Хэлэн Смит (Dorothy Helen Smith) гэгчтэй танилцаж улмаар эхнэр, нөхөр болцгоожээ. Эмэгтэйчүүдийн Оклахома Коллежийг худалдааны чиглэлээр дүүргэсэн Дороти эмэгтэйчүүдийн байгууллагад захиралын туслахаар ажиллаж Миллсийг докторын зэрэг хамгаалж байхад гэр бүлээ тэжээж байв. Нөхрийнхөө докторын ажлын үзэл санааг хянан байцаах, алдааг нь ариутган шүүх зэргээр Миллсийн ажилд онцгой тусалдаг байсан гэдэг. 1940 оны наймдугаар сард Дороти, Чарльз нар хоёр тийш болсон ч 1941 оны гуравдугаар сард дахин нийлж 1943 оны нэгдүгээр сарын 15 нд охин Памела нь мэндэлжээ.
1942 онд Миллс Мэдисон дахь Висконсин Их Сургуульд «Прагматизмийн социологи тайлбар: Социологи мэдлэгийн тэмдэглэл» сэдвээр социологийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Хамгаалуулах зөвлөл Миллсийн бүтээлийг хурцаар шүүмжилсэн ч эрдмийн зэргээ авч чадсан юм. 1942 оны эхээр Милсс гэр бүлийнхээ хамт Висконсин муж улсыг орхиж Мэриландын Их Сургуульд социологийн тэнхимийн доцент багшаар томилогдсон байна.
Үзэл санааны хувьд Жон Дью (John Dewey), Жорж Хэрбэрт Мид (George Herbert Mead), Ховард Паул Беккер (Howard Paul Becker), Макс Вебер (Max Weber), Карл Манхейм (Karl Mannheim), Карл Маркс (Karl Marx) нарын нөлөөн дор байсан нь хожмоо Миллсийг элит судлал дахь зүүний радикал урсгалын томоохон төлөөлөгч (Алвин Уорд Гоулднерын хамт) болоход хүргэсэн байна. 1941-1945 онуудад Мэриландын Их Сургуульд багшлахын зэрэгцээ Ричард Хофштадтэр (Richard Hofstadter), Фрэнк Бүрт Фридэл (Frank Burt Freidel), Кэннэт Милтон Стэмп (Kenneth Milton Stampp) зэрэг эрдэмтэдтэй нөхөрлөж, америкийн нийгмийн тулгамдсан асуудлаар бүтээл хамтран бичиж нийтлүүлэх болжээ. Нэг үеийн эдгээр судлаачид дотроос Кэннэт Милтон Стэмп арай ахмад нэгэн (1912 онд мэндэлсэн) байв. Бусад нь бүгд 1916 оны үе тэнгийхэн байжээ.
1940-өөд оны үед Миллсийн өгүүллүүд «The New Republic», «The New Leader», «Politics» зэрэг сэтгүүлд нийтлэгдэх болсон. 1945 онд Нью-Йорк хот руу шилжиж, Поль Лазарсфельдийн удирдлага дор Колумбын Их Сургуулийн Нийгмийн Ахисан Төвшний Судалгааны Товчоонд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллах болжээ. Эсэргэн жилд хийх судалгааны ажлаа санхүүжүүлэх зорилгоор 2500 доллартай тэнцэх тэтгэлэгийг 1945 онд Гуггэнхайм Сангаас авсан байдаг. 1946 онд Чарльз Райт Колумбын Их Сургуулийн социологийн тэнхимийн доцент багшаар томилогдсон байна. Энэ үед «Цагаан захтанууд: Америкийн дундаж анги» нэрт бүтээлээ бичсэн бөгөөд 1951 онд олны хүртээл болгожээ. Нью-Йорк хотод очсноор Миллс эхнэрээсээ холдож, улмаар 1947 онд хоёр тийш болсон байна.
1947 онд Колумбын Их Сургуулийн Нийгмийн Ахисан Түвшний Судалгааны Товчоонд хамт ажиллаж байсан Руфь Харпэр (Ruth Harper) гэгчтэй урагласан бөгөөд тэд хамтран «Эрх мэдлийн шинэ хүмүүс» (1948 он), «Цагаан захтанууд» (1951 он),  «Элитийн эрх мэдэл» (1956 он) зэрэг бүтээлүүд дээр ажилласан байна. 1949 онд Чарльз, Харпэр нар Чикаго орж, Чарльз Чикаго Их Сургуульд багшлах болсон. Нэг семестр ажилласны эцэст Колумбын Их Сургуульдаа эргэн ирж, 1950 оны долоодугаар сарын 1 нд социологийн ухааны профессор болжээ.
1955 оны долоодугаар сарын 14 нд түүний хоёр дахь эхнэрээс охин Кэтрин нь мэндэлжээ. Миллс 1956 оны долоодугаар сарын 1 нд социологийн ухааны тэргүүлэх профессор болсон. 1957 онд гэр бүлээрээ Копенгаген шилжиж, Копенгагены Их Сургуульд Фулбрайтын тэтгэлэгт багшаар ажилласан. Эх орондоо эргэн ирээд Миллс, Харпэр нар хоёр тийш болж 1959 онд гэр бүлээ бүрмөсөн цуцлуулжээ.
1959 онд Миллс украин гаралтай зураач Ярослава Сурмач (Yaroslava Surmach)-тай гэрлэсэн байна. Тэд Нью-Йорк муж улсын Роклендад төвхнөж, 1960 оны зургаадугаар сарын 19 нд хүү Николас Чарльз нь мэндэлжээ. 1960 оны наймдугаар сард Кубад очиж, «Сонсцгоо, янкуудаа Кубад хувьсгал өрнөж байна» нэрт илтгэлээ олны өмнө хэлэлцүүлсэн байна. Чарльз Райт Миллстэй уулзах үедээ «Элитийн эрх мэдэл» бүтээлийг нь Фидель Кастро өндрөөр үнэлсэн байдаг.
Бүхий л амьдралынхаа туршид Миллс амьсгалын дутмагшил өвчнөөр тарчилсан бөгөөд 1962 оны гуравдугаар сарын 20 нд ид хийж бүтээх 45 насандаа эл өвчний улмаас Нью-Йорк муж улсын Уэст-Найэк хотноо ажирчээ (Mills, 2000, pp. 5-17). Миллсийн анд, ойрын хамтран зүтгэгч Ирвинг Горовитц өгүүлснээр, Миллс хүн төрөлхтний түүхийн явцад үүссэн бүхий л нийгмийн социал бүтцийг судлах 10 дэвтэр «Харьцуулсан социологи» нэртэй бүтээл туурвихаар төлөвлөж байжээ.
Миллсийн үзэл санааны хувирал, өөрчлөлтийг гурван үед ангилж болох юм (Коровин, 1977, хуудсд. 5-8). Эхний үе нь 1939-1945 оны хоорон дахь цаг хугацааг хамарсан бөгөөд прагматизмд татагдах хандлага хүчтэй байв. Нийгэм, улс төрийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх зөв гаргалгаа нь прагматизм болно гэж Миллс үзэж байжээ. Колумбын Их Сургуульд багшлах болсноор Миллсийн үйл ажиллагааны хоёр дахь үе эхэлсэн бөгөөд 1946-1955 оны зурвас хугацааг хамарсан. Энэ үеийн нэг онцлог нь эмпирик баримт түшиглэсэн судалгааны ажлууд түлхүү хийгдсэнд оршино. Нэрт судлаач Ж. Ландбэргийн судалгааны багт ажиллахын зэрэгцээ Америкийн томоохон хотуудад судалгааны материал цуглуулах болсон. Ганц Нью-Йорк муж улсад л гэхэд 30 гаруй хотод судалгаа хийжээ. Үүний үр дүнд «Жижиг бизнес ба иргэний дайн», «Цагаан захтанууд» зэрэг зохиолууд бичигдсэн байна. 1956-1962 оны хоорон дахь үед шүүмжлэлт сэтгэлгээ ноёрхох болсон. Улс төрийн хэт барууны бодлого, зэвсгээр хүч түрэх санааг шүүмжилж, марксист философид таатай хандах болжээ. Энэ үеийг гол бүтээл нь «Элитийн эрх мэдэл», «Социологи төсөөлөл» юм.
Чарльз Р. Миллсийн социологи
Америкийн радикализмын “загалмайлсан эцэг”, «орчин цагийн Веблен» Чарльз Миллсийн үзэл санаа социологийн шинж чанартай байв. Т. Парсонс, Э. Шилз, Д. Белл, Т. Боттомор, С. Липсет нар Миллсийн үзэл санаа, онолд шүүмжлэлтэй хандсан байдаг. Америкийн нийгэм өөрийн үнэт зүйлстэйгээ зөрчилдөх болсныг Миллс гярхай ажиглажээ.
Орчин үед шинжлэх ухааны мэдлэгийн хөгжилд саад бологч гол зүйл нь «хийсвэрлэгдсэн эмпиризм» гэж Миллс үзжээ. Өөрөөр хэлбэл, «хийсвэрлэгдсэн эмпиризм» бий болсноор нийгэм, улс төрийн үзэгдэл, үйл явцыг бодитойгоор судлах, үнэлэх дүгнэлт өгөх боломжгүй болсон. «Хийсвэрлэгдсэн эмпиризм» судалгааны байгууллагуудыг томоохон пүүс, компани, засгийн газар, арми, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сангийн эрх ашигт үйлчлэх дүрэм, журамд захирагдсан бюрократи бүтэц болгон хувиргаж байна. Эрдэмтэд асуудлыг шийдвэрлэх арга замыг хайхаасаа илүүтэйгээр мэдээлэл цуглуулах, хэмжих, тооцоолол хийхэд анхаарах болсон. Тэд нийгэм, олон нийтэд бус, хөрөнгө, чинээтэй, хүчирхэг ивээн тэтгэгчид үйлчилж байна.
Америкчуудын өнөөгийн шинжлэх ухаан, боловсролын тогтолцоо нь их сургуулийн том толгойтой профессоруудад хуваагдсан феодалын байгуулалтай адил байна. Хэн үзэл санаандаа үнэнч биш байна, тэр шахагдаж, хэн профессороо тахин шүтэж, үзэл санаанаасаа хазайхгүй явж чадна, тэр ахиж дэвшдэг байна. Сүүлээр Миллсийн энэ санааг судлаач А. Гоулднер, И. Горовитц нар хүлээн зөвшөөрсөн байдаг.
Миллс эрдэмтдийн үйл ажиллагааг судлаад захиргааны болон ивгээгч хэв шинжтэй судлаачид олширч буйг дурджээ. Үүний зэрэгцээ, өөрийн цаг үеийн судлаачдаа бүтээлч, шинийг санаачлах шинжээ алдсан хоосон цэцэрхэгчид болж хувирч байгааг гаргасан. Ингэж «хийсвэрлэгдсэн эмпиризм» Америкийн шинжлэх ухаанд бюрократи сэтгэлгээг бий болгож байна.
«Хийсвэрлэгдсэн эмпиризм»-ийг шүүмжлэх явцдаа Миллс «их онол» гэсэн үзэл баримтлалыг хөгжүүлсэн. Хэрэв «хийсвэрлэгдсэн эмпиризм» судалгааны арга, аргачлалыг чухалчилдаг бол «их онол» нь судалгааны ухагдахуунд анхаарал хандуулдаг гэжээ. Судалгааны ухагдахуунд анхарал хандуулагүйн улмаас П. Сорокины «Нийгмийн үйлдлийн бүтэц» зохиолын 817 хуудас, Т. Парсонсын «Нийгмийн тогтолцоо» бүтээлийн 50% хоосон цаас болж хувирсан гэж Милсс үзжээ. Х. Спенсер, О. Конт, Э. Росс, Э. Дюрхейм,К. Маннхейм, К. Маркс, Т. Веблен, Й. Шумпетер, М. Вебер нарын уламжлалыг сэргээх нь «хийсвэрлэгдсэн эмпиризм» бий болж, шинжлэх ухаан уналтад орох аюулаас аврагдах учиртай. Онолоо шүтээд аргаа умартах юм уу эсвэл аргаа чухалчлаад онолоо орхих нь сайн зүйл биш. Онол, арга зүй харилцан сүлэлдвээс сая үр дүнд хүрнэ гэдгийг Миллс онцолсон (Цьпник, 1964 ; Коровин, 1977).

ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ

Mills, C. W. (2000). C. Wright Mills: Letters and Autobiographical Writings . ( Kathryn Mills, & Pamela Mills, Eds.) Berkeley and Los Angeles, California: University of California Press.
Коровин, В. Ф. (1977). Основные проблемы «новой социологии» Райта Миллса. Москва: Изд-во МГУ.
Цьпник, А. Л. (1964 ). Современная буржуазная социология и ее критика Р. Миллсом . In Марксистская и буржуазная социология. Москва: Наука.

БЭЛТГЭСЭН: УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Saturday, July 1, 2017

ГЕРМАНЫ СОЦИОЛОГИЧ ФРАНЦ ОППЕНХЕЙМЕР

Франц Оппенгеймер
 Franz Oppenheimer
Мэндэлсэн он:
1864 оны гуравдугаар сарын 30
Мэндэлсэн газар:
Герман улс, Берлин хот
Бие барсан он:
1943 оны есдүгээр сарын (79 насандаа)
Бие барсан газар:
АНУ, Лос-Анжелес хот
Харьяалал:
 Герман улс
Ажлын газар:
Иоханн Вольфганг Гётегийн нэрэмжит Франкфуртын Их Сургууль
Альма-матер:
Килькийн Их Сургууль
Франц Оппенхеймер (Герман хэлнээ: Franz Oppenheimer1864 оны гуравдугаар сарын 30. Герман улс, Берлин хот — 1943 оны есдүгээр сарын 30, АНУ, Лос-Анжелес хот) — нь Германы эдийн засагч, социологич нэгэн.
Цадиг намтар
Еврей гэр бүлээс гаралтай. Боловсролын хувьд эмч нэгэн. Фрайбург, Берлины их сургуулиудад эмчийн мэргэжлээр суралцаж (1885 онд төгссөн), арван жилийн туршид төгссөн мэргэжлээрээ ажилласан. Дараагаар нь социологи, эдийн засгийн ухаан (1908 онд Киль Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан) шимтэн сонирхох болсон. 1909-17 онуудад Оппенхеймер Берлины Их Сургуулийн доцент багш, 1917-29 онуудад Фрайбургийн Их Сургуульд профессороор ажиллаж, социологийн тэнхим толгойлж байсан (эрүүл мэндийн улмаас албаа орхисон). 1933 онд нацистууд засгийн эрхэнд гарсны сүүлээр гадагшаа цагаачилж, Францын Эрец-Исраэл Их Сургуульд лекци унших болсон. 1938 оноос АНУ руу цагаачилсан. Оппенхеймерийг өнөөгийн ихэнх судлаачид социал либерализмын сонгодог төлөөлөгчдийн нэг гэж үздэг байна.
Оппенхеймерийн арга зүй
Франц Оппенхеймер “Төр улс(1908 он), дөрвөн дэвтэр “Социологийн тогтолцоо” (1922-1935 он) зохиолууддаа өөрийн социологи үзэл баримтлалыг тусгасан байна.  Арга зүйн хувьд Оппенхеймер эдийн засгийн үзэгдэл, үйл явцыг эрх зүйн хандлагаар тайлбарлах хандлагын хөгжүүлж байсан. Төр улсын үүслийн хувьд хүчирхийллийн онолыг баримталж байсан. Нүүдэлчин овог аймагууд газар тариалангийн, суурьшмал иргэдээ уулгалан дайрч боолчлох болсны үр дүнд олонхоо засаглах цөөнхийн мөлжлөгийн хэлбэр болох төр бий болжээ. Нийгмийн харилцаанд тэгш бус байдлыг халөах хамгийн үр дүнтэй арга нь төрөөр хамгаалагдсан үйлдвэрлэлийн хэрэгслийг монополчлон өмчлөх явдлыг халж, хүн бүрт хөдөлмөрлөх, хөдөлмөрийн үр шимээ хүртэх тэгш боломжийг бүрдүүлэх явдал юм. Хамтран ажиллах, харилцан туслалцах замаар хамгийн бага сүйтгэлээр дээд зэргийн нэмүү өртөг бий болгосноор эдийн засгийн тэгш бус харилцааг халах боломжтой гэсэн санааг Оппенхеймер дэвшүүлсэн байдаг.

БЭЛТГЭСЭН: УЛС ТӨР СУДЛААЧ, ТӨРИЙН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР