Thursday, March 23, 2017

РОБЭРТО МИХЕЛЬС

Робэрто Михельс (Roberto Michels,1876 оны нэгдүгээр сарын 9, Көльн хотноо – 1936 оны тавдугаар сарын 3, Ром хотноо) – нь Италийн социологич, Европын улс төрийн социологийн сонгодог үеийн төлөөлөгч, улс төр судлаач, нам судлалын нэртэй онолч нэгэн.
Цадаг намтар
Франц гаралтай чинээлэг герман гэр бүлд мэндэлсэн. Герман (Мюнхэн, Лэйпциг, Халл), Англи, Франц (Сорбонн), Италийн их сургуулиудад суралцсан. Оюутан ахуй үедээ социал-демократ болон синдикалист үзэл санаанд татагдаж, 1907 он хүртэл Германы Социал-Демократ Намын гишүүн байсан боловч Макс Веберийн нөлөөгөөр шинжлэх ухааны ажилд бие сэтгэлээ зориулах болсон. 1907 онд Италид суурьшиж, Турины Их Сургуульд багшилсан. Энд байхдаа тэрээр Италийн цольд эрдэмтэн Гаэтано Москатай танилцаж, түүний нөлөөгөөр элитийн онолын үндсийг судалсан. Москагийн “улс төрийн ангийн” онолыг шимтэн сонирхож, улмаар XX зууны 20-оод оны үеэс Бэнито Муссолинигийн фашист дэглэмийг дэмжих болсон. Хэдийгээр герман гаралтай, олон жилийн туршид Базэлд эдийн засаг, статистикаар багшилсан боловч Италийг өөрийн эх орноо хэмээн үздэг тул 1913 онд иргэний харьяаллаа өөрчилсөн. 1926 оноос Ромд улс төрийн социологиор багшлах болсон. 1927 онд Чарльз Мерриамын санаачлан хэрэгжүүлсэн “Иргэн төлөвшүүлэхүй” нэрт олон улсын төслийн ажилд оролцсон байна. Михельс 1928 онд Италийн фашист намд гишүүнээр элссэн. Улмаар дучегийн зарлигаар Пэружэ дахь их сургуульд профессороор томилогдсон. Энд байхдаа Михельс “шинэ улс төрийн сэтгэлгээг” төлөвшүүлж, “фашист онолыг” хөгжүүлэхийн зэрэгцээ “мэргэшсэн фашист боловсон хүчин” бэлтгэх зорилго бүхий улс төрийн шинжлэх ухааны “фашист факультет” үүсгэн байгуулахад идэвхийлэн оролцсон.
“Италийн социалист хөдөлгөөн дахь хөрөнгөтөн, пролетари анги” (// proletariato e la borghesia nel movimento socialista italiano: Saggio di scienza sociografico-politica, 1908), “Ардчиллын нөхцөл дэх улс төрийн намын социологи” (Zur Soziologie des Parteiwesens in der modernen Demokratie: Untersuchungen über die oligarchischen Tendenzen des Gruppenlebens, 1911), “Италийн империализм” (L'imperialismo italiano, 1912), “Хавсарга социологийн асуудлууд” (Problemi de sociologia applicata, 1919), “Итали дахь фашизм, социализм” (Sozialismus und Fascismus in Italien, 1925), “Улс төрийн социологийн хичээл” (Corso de sociologia politica, 1927), “Эх оронч сэтгэлгээ” (Der Patriotismus: Prolegomena zu seiner soziologischen Analyse, 1929), “Улс төрийн социологийн анхдугаар лекц” (First Lectures in Political Sociology, 1949) зэрэг олон арван бүтээл нийтлүүлсэн.
Улс төрийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр
Михельс улс төрийн шинжлэх ухаанд элитийн онол, нам, олон нийтийн хөдөлгөөн, бюрократи, ардчилал, ажилчны болон үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний асуудлаар дагнан судалгааны ажил хийсэн байдаг. XX зууны эхэн үеийн томоохон социологичдоос ялгаатай нь, Михельс хүйсийн эрх, үүргийн ялгаварт байдал, эх оронч сэтгэлгээ, хүн төрөлхтөний удмын сангийн сайжруулалт зэрэг этгээд гэж хэлж болохуйц асуудалд түлхүү анхаарал хандуулсан байна.  
Михельсийн судалгааны гол ололт нь “олигархийн төмөр хууль, зүй тогтол”-ыг нээсэнд оршино. Нам, хөдөлгөөн гэх мэт нийгэм, улс төрийн аливаа зохион байгуулалтын хэлбэр өөртөө олигархичлагдах хандлагыг тээж байдаг. Эрх мэдлийн цөм удирдлага, мэргэшсэн аппаратын гарт төвлөрөх, олон түмний болон байгуулагын энгийн гишүүдийн эрх, үүрэг хумигдах, удирдлага, удирдлагын бүтцээ хянах боломж алдагдах, байгууллагын үйл ажиллагааны анхдагч зорилго сарних зэрэг нь тухайн зохион байгуулалт олигархи шинжтэй болж буйн илрэл юм. “Хэнийг сонгосон, ямар этгээдийг төлөөлдөг байх нь хамаагүй. Зохион байгуулалт өөрөө ноёрхол бий болох хангалттай шалтгаан болдог. Хэн зохион байгуулалтын талаар ярина, тэр олигархийн талаар ярьж буй хэрэг юм”.  Намын зохион байгуулалт олигархи шинжид орох үйл явц нь дараах үе шаттай. Үүнд: 1. Манлайлал бий болно: 2. Манлайлал мэргэшиж, төлөвшинө: 3. Удирдлагын бюрократ бүтэц үүснэ: 4. Эрх мэдэл төвлөрнө: 5. Үзэл суртал удирдлага, удирдлагын бүтцийн зорилгодоо хүрэх арга хэрэгсэл болж хувирна: 6. Үзэл суртал, нийгмийн бодит байдлын хооронд зөрчил бий болж, үзэл суртлаа шинэчлэх санал, санаачлагууд гарч эхэлнэ: 7. Энгийн гишүүд, удирдлагын хоорондын харилцаа алсарч эхэлнэ: 8. Намын шийдвэр гаргах үйл явцад энгийн гишүүдийн нөлөөлөх боломж хумигдаж эхэлнэ: 9. Удирдлагын бүтцэд сөрөг байр суурьтай бүлэглэлүүдийн удирдлагыг элсүүлж эхэлнэ (кооптац) гэх мэт шинжийг багтаасан байна. Хувьсгалт намууд хүртэл гишүүнчлэлээ өргөжүүлэх бодлогоос татгалзаж сонгогчдынхоо хүрээг тэлэх бодлогод шилжсэн.
Ямар үзэл баримтлалыг дэмждэг нам байх нь хамаагүй бүгд олигархи шинжтэй болж эхэлдэг. Оршин буй нийгмийн байгууллаа өөрчлөх зорилго бүхий хэт зүүний намуудад хүртэл хөгжлийн явцад олигархи шинж бүрэлдэж, үйл ажиллагааны анхдагч зорилгоо гээх явдал байдгийг Михельс онцолсон байна. Намын удирдлагын ярианд хэт зүүний үг хэллэг хадгалагдах ч үнэн чанартаа анхдагч зорилгоосоо аль хэдийн хазаасан байдаг. Энэ бол зохион байгуулалтын хөгжлийн зүй ёсны үр дүн юм. Удирдлага нь энгийн ажилчдаас бүрдэх социалист намд хүртэл мэдлэг чадвар хуримтлагдаж, улс төрийн тэмцэлд татагдан орохын зэрэгцээ хууль тогтоох хуралд сонгогдсон тохиолдолд удирдлага, жирийн гишүүдийн дунд харилцаа алсардаг талаар Михельс онцолсон. Энэ нөхцөлд намын удирдлагын байр суурь зохион байгуулалтаас хамаарах бөгөөд улмаар анги, нийгмийн давхаргын бус, намын зохион байгуулалтын ашиг сонирхлыг илэрхийлэгч, хамгаалагч болж хувирдаг байна. Үүнээс гадна, намын удирдлага намын үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлж, нөөц, шийдвэр гаргах үйл явцад хяналтаа тогтоох замаар бодлого, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн хэрээр улс төрийн зүүний радикал шинжээ алддаг талаар Михельс дурдсан. Өнөөгийн олон түмний намууд зохион байгуулалтын хэлбэрт шилжих нь зайлшгүй. Гэтэл зохион байгуулалтын гарцаагүй үр дүн нь олигархи хандлага болно. Ингэхлээр, оршин буй нийгмийн байгууллаа өөрчлөхийг хүсэгч зүүний намууд хүртэл олигархийн төмөр хуулиас ангид байж чаддаггүй гэсэн үг юм.
Ерөнхийдөө хүн төрөлхтөний нийгмийн хөгжлийн талаарх Михельсийн зураглал туйлын гутрангуй шинжтэй. Бид хичнээн ардчиллын тухай ярилаа ч ганц хүний, юм уу цөөнхийн дарангуйллаас ангид байж чадахгүй. Ардчилал өөрөө дарангуйллын нэг хэлбэр юм. Учир нь зохион байгуулалтын хэлбэрийг өөртөө тээж байдаг. Зохион байгуулалтын олигархи хандлага Михельсийн үзсэнээр зөвхөн захиргааны юм уу удирдлагын шинжтэй асуудал биш юм. Захиргааны, удирдлагын зэрэгцээ сэтгэл зүйн шинжтэй үзэгдэл болно.
Удирдан зохион байгуулах чадвартай, мэдлэг боловсролтой хүн төрөлхтөний цөөн тоот хэсэг бусдыг дагуулан манлайлах, ухуулан сэнхрүүлэх, удирдан жолоодох зөн совинтой бол хүн төрөлхтөний энгийн олонхийн хувьд өөрсдийг нь зохион байгуулж, удирдах, араасаа дагуулах чадвартай цөөнхийг ямагт хүсэмжилж байдаг. Сэтгэл зүйн шинжтэй энэ үзэгдэл өөрөө олигархийн хандлагыг үүсгэдэг байна.
Михельсийн үзэл санаа Г. Тард, Г. Лебон тэргүүтэй олон судлаачдын бүтээлд тусгалаа олсон байдаг. Хэдийгээр Михельс фашист онол, евгеник сургаалыг дэмжиж байсан ч түүний олигархийн төмөр хууль, зүй тогтлын талаарх үзэл санаа өнөөдөр ч шинжлэх ухааны үнэ цэнээ алдаагүй байна.

МОНГОЛЧИЛСОН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР